Ш.Самдан: Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах нөхцөл маш муу байдаг

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 20:45:59

Бид Арвайхээр сумын Мэргэд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ш.Самдантай цөөн хором ярилцлаа. Тэрээр мэдээлэл, технологийн чиглэлээр эх орондоо болон олон улсад нутгийхаа нэрийг гарган амжилттай оролцож яваа шилдэг сурагчдын нэг билээ.

-Юуны өмнө өөрийг танилцуулахгүй юу. Мэдээлэл технологийн чиглэлээр чи аливаа уралдаан тэмцээнд их идэвхтэй оролцдог. Ямар, ямар тэмцээнд оролцож байв?
-Намайг Шийлэгбатын Самдан гэдэг. Мэргэд лобартори сургуулийн 12б ангид сурдаг. Ам бүл тавуулаа амьдардаг.

Улсын олимпиадаас тусгай байр, онлайн олипиадаас нэлээн хэдэн удаа дээгүүр байр эзлэсэн. Өвөрхангай аймгийн Мэдээлэл зүйн анхдугаар олимпиадад дэд байр эзэлж байсан. Сая Индонезийн Жакарда хотод болсон Олон улсын олимпиадад оролцож, хоёрдугаар байр эзлэсэн.

-Улсын Залуу зохион бүтээгч тэмцээнд “Алхуулагч” бүтээлээрээ оролцож байсан. Энэ бүтээлийн санааг хэрхэн гаргав, энэ бүтээлээ танилцуулаач?
-Өөрийнхөө хэрэгцээнд тохируулж хийсэн л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлгөөнийг амар хялбар байлгах зорилготой бүтээл юм. Бүтээл маань  гуравдугаар шатанд тэнцэж, шилдэг аравт шалгарсан. Шүүгчид нэлээн дэмжиж байсан ч тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хүн байгаагүй учраас сайн ойлгоогүй, тоогоогүй байх.

Энэ жил Залуу зохион бүтээгч тэмцээн болсон бол “Алхуулагчаа” илүү сайжруулаад орно гэж бодож байсан. Гэтэл зохиогдоогүй.

- Аливаа уралдаан, тэмцээнд явахад зардал мөнгөний асуудал яаж шийддэг вэ?

- Монголдоо болох тэмцээн, уралдаанд хувиасаа зардлаа гаргадаг. Сая Индонез улсруу явахад улсаас зардлыг даасан.

- Ер нь зохион бүтээх шинэ санаачилга гаргах явдлыг аймгаас болон Монгол Улсад хэр дэмждэг вэ?

- Намайг тэмцээнд оролцож байхад 10 гаруй хүн утасдаж, бүтээлийг чинь худалдаж авья. Надад тааруулаад томсгож болох уу гэцгээж байсан л даа. Би “Алхуулагч” бүтээлээ зөвхөн загвар болгож хамгийн хямд зардлаар хийхэд нэг бүтээлд 500 гаруй мянган төгрөг зарцуулсан. Том хүмүүст тааруулж, хэрэглээ маягаар хийвэл хөрөнгө мөнгө их орно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар нэг бүтээл байдаггүй болохоор дэмжих байгууллага гарч ирвэл “Алхуулагч” бүтээлээ хөгжүүлж, олноор үйлдвэрлэж болохоор санагдсан. Суурь хөрөнгө байхгүй учраас шинэ санал санаачилга цаашаа хөгждөггүй. Уг нь болохоор л санагдсан.

- Өвөрхангай аймагт хөгжлийн бэрхшээл бүхий хүүхдүүдэд зориулсан“Ирээдүйн тэргэнцэртэй иргэд” холбооны тэргүүнээр ажиллаж байгаа.  Холбооныхоо талаар танилцуулаач?

-Өвөрхангай аймагт би анх “Ирээдүйн тэргэнцэртэй иргэдийн холбоо” гэж байгуулсан. Улсад бол Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо гэж байдаг. Би тэр холбооны гишүүн л дээ. Холбооны тэргүүн Чулуундолгор гээд эгч намайг аймагтаа энэ холбооны салбарыг байгуулахыг зөвлөж, тэргэнцэртэй иргэдийг дэмжиж ажиллах, идэвхижүүлэх хэрэгтэй байгааг хэлсэн.

Байгуулагдаад нэг уулзалт хийсэн. Тодорхой үйл ажиллагаа явуулж эхлээгүй л байна. Сая хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжих төсөлд холбооныхоо зүгээс төсөл бичиж явуулсан. Тэр дэмжигдвэл олон ажил төлөвлөж байгаа. Манай холбоо одоогоор 10 гаруй гишүүнтэй.

- Өвөрхангай аймагт тэргэнцэртэй хүүхдүүд хэр олон байдаг бол. Та бүгдэд тулгамдаж буй асуудал юу вэ?

- Зөвхөн Арвайхээр суманд гэхэд тулгуур эрхтний бэрхшээлтэй630 гаруй хүн байна. Тэгэхээр аймгийн хэмжээнд 1000 гаруй хүн бий байх. Тэднээс гадуур идэвхтэй явдаг хүн цөөхөн. Яагаад гэвэл орчин нөхцөл байдаггүй. Ганцаараа зам гарах, байгууллагуудаар орох, шатаар дээш, доош явахад их хэцүү л дээ. Намайг гэр бүлийнхэн, найз нөхөд маань шаардлагатай газар руу хүргэж өгдөг. Ганцаараа бараг явдаггүй.

- Уучлаарай, өөрийн чинь хувьд яагаад ийм байдалд орсныг сонирхож болох уу?

-Өвөрхангай аймгийн мэс заслын эмчийн буруугаас болсон гэхэд бараг болно доо.

- Бие эрүүл хэрнээ амьдралын зорилгогүй, хийсэн ажилгүй, урсгалаараа явдаг хүн олон байдаг. Өөрийнчинь хувьд нөхцөл, боломжиндоо хязгаарлагдалгүйгээр амьдралыг сөрж яваа чинь бахархалтай санагддаг шүү. Цаашдын зорилго гэвэл...?

- Баярлалаа. Би компьютерт их сонирхолтой. Сонирхлынхоо дагуу суралцаж байгаа. Компъютерийн ард ажиллахад надад амар гэхүүдээ. Бусад мэргэжил бол гадуур явах шаардлагатай болно. Тийм болохоор программист болох бодолтой байна.

Цаашид зорилго их бий. Ямарч байсан хүссэн мэргэжлээрээ сайн боловсон хүчин болох, Монголдоо байр суурьтай байж, хөгжлийнбэрхшээлтэй иргэдэд хандсан үйл ажиллагаануудыг хийх гээд хүсэлтэй байдаг. Тэднийг сурч боловсроход нь түлхүү тус болно гэж боддог. Яагаад гэвэл Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүн суралцах их хэцүү. Тусгайлсан сургууль, мэргэжлийн туслах багш байдаггүй. Яахав, тусгай сургууль байхгүй байж болно л доо. Тусгай сургуульдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ хамт нийгэмшчихсэн тохиолдолд бусад газар байр сууриа олж чаддаггүй юм билээ. Харин тусгай мэргэжлийн багш байх шаардлагатай.

Би хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёрдугаар чуулганд оролцоод ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулийгМонголд анх удаа одоо л гаргах гэж байна.

Ярилцсанд баярлалаа. Сурлагын амжилт хүсье.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ