Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган Монголд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-15 15:27:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх есдүгээр сарын 20-21-нд Улаанбаатар хотноо зохиох Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн YIII чуулганы талаар Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо (МХБИХ)-ноос мэдээлэл хийлээ.
Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн Япон, БНСУ, БНХАУ-аас 30 шахам төлөөлөл ирж оролцох энэ удаагийн чуулга уулзалтын талаар МХБИХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул хэлэхдээ, “Олон улсын энэхүү чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахад 34 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болоод байгаа юм. Энэ талаар манай холбооны зүгээс Ерөнхий сайдад хүсэлт тавихад Сангийн яаманд ханд гэсэн. Сангийн яам болохоор ХНХЯ шийднэ гээд тус яамнаас 9.5 сая, хотын захиргаанаас мөн 5 сая төгрөг баталж өгсөн. Үлдэх 20 сая төгрөгийг бид олон түмнээс хандивын шугамаар хүсэж байгаа юм” гэлээ.
Тэрээр цааш нь холбооныхоо талаар өгүүлэхдээ, “Манай холбоо 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажилладаг, нийтдээ 134 мянган гишүүнтэй. Төр, засгаас хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ыг төр дэмжинэ гэсэн заалттай боловч төрийн зүгээс энэ тал дээр сул байдаг. Удахгүй болох олон улсын чуулга уулзалтаар манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс “Нэг ч хүнийг ардаа үлдээхгүй” гэсэн тэгш эрхийг бодит болгох зорилтыг тавьж тунхаг бичиг батлуулах юм. Нөгөө талаар манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрх буюу сонгуульд нэр дэвших эрх бүхий заалтыг улс төрийн намынхан зөрчдөг. Нийгмийн халамжийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтоосон группын мөнгийг хасдаг зэрэг олон асуудал байдаг учир бид бүхэн энэ талаар хэлж ярьж ажиллаж байна” гэсэн юм. Тус Холбооны гүйцэтгэх захирал И.Нарантуяа хэлэхдээ,Өнөөдөр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх хувь нь идэр залуу насныхан болсон. Бидний хэрэглэдэг зүйл гээд сүүлийн үед авчирч өгдөг бараа бүтээгдэхүүн чанаргүй, эдэлгээ муутай, зарим нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг тийм зүйлийг бидэнд өгдөг болсон. Энэ мэт бидэнд тулгардаг асуудлыг чуулга уулзалтын үеэр  ярьж шийдэх зорилготой юм. Энэхүү чуулганы ХБИ-ийн тунхаг тухайн улсдаа зохион байгуулагдаж батлагддаг онцлогтой”  хэмээлээ.
Тодруулга: Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй хүний нийтлэг, хууль ёсны, язгуур эрх ашгийг хамгаалдаг Дэлхийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны албан ёсны гишүүн байгууллага юм. Энэ удаад манай улсад зохион байгуулах гэж байгаа Зүүн хойд Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг хоёр жилд нэг удаа хийдэг. 2016 оны чуулганыг БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулжээ.
Д.Болор-Эрдэнэ
Холбоотой мэдээ