Гүүр нурах үед амь үрэгдэгсдийг оршуулах ёслол болно

Дэлхийд | Нийгэм
172@montsame.mn
2018-08-16 09:20:30
РОМ. /РИА Новости/. Италийн Генуя хотод автомашины гүүр нурах үед амь үрэгдэгсдийг оршуулах ёслол бямба гарагт болно гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Генуя хотын захиргааг иш татан мэдээлжээ.
 
Уг эмгэнэлт явдлын 11 хохирогчийг бямба гарагт оршуулах ба салах ёс гүйцэтгэх ёслол Генуя хотын үзэсгэлэн худалдааны цогцолборын талбайд болох ажээ. Оршуулгын ёслолд олон мянган хүн оролцох төлөвтэй байна.
 
Батлагдаагүй мэдээллээр, Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла оршуулгын ёслолд оролцох аж.
 
Генуя хотыг дайран өнгөрдөг А10 авто зам дээрх гүүрийн 200 метр урт хэсэг мягмар гарагийн үд дундын үед агуулахын байрууд болон төмөр зам дээр нуран унасан юм. Нуралт болох үед гүүрэн дээр 30 гаруй тээврийн хэрэгсэл байсан байна. Генуя хотын захиргаанаас өгсөн сүүлийн үеийн мэдээллээр, уг гамшгийн уршгаар 39 хүн амиа алдсан байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ