Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хүн амын тоотой уялдуулах хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-08-16 16:03:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүд болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар солилцлоо.
 
Тус дүүргийн 12-р хорооны “Амгалан итгэлэхүй” Эрүүл мэндийн төвийн удирдлагууд түргэний машин, эхо, шарлагын машин шаардлагатай байгааг хэлсэн бол 13-р хорооны “Эрүүл өсөх” Эрүүл мэндийн төв боловсон хүчний дутагдалтай байгаагаа хэлж байлаа. Харин 28 мянган хүн амтай 16-р хорооны “Насан урт” Эрүүл мэндийн төв өдөрт дунджаар 300-350 хүнд үйлчилдэг бөгөөд үйл ажиллагаа явуулж буй байр нь хэт жижигхэн байгаа юм. Тиймээс талбай ихтэй байр шинээр бариулах шаардлагатай болжээ.
 
Мөн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, "Манай дүүрэг 32 мянга 3123 хүн амтай, 15-20 мянган түр оршин суугчтай. Хүн амын тоо хурдацтай өсөж байгаа энэ үед ажилтнуудын орон тоо бага байна" гэлээ.

Улсын хэмжээнд нийт 10 мянган эмч, 11 мянган сувилагч ажиллаж байна. Энэ нь 10 мянган хүн тутамд ногдох эрүүл мэндийн ажилтны тоогоор дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлтэд тооцогддог ажээ. Гэхдээ эмч, сувилагч нарын харьцаа болон ажлын байршлыг эргэж харах хэрэгтэй гэдгийг ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар дурьдлаа.

Энэ үеэр Ж.Батзандан гишүүн, "Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт болон хүний нөөцийг тухайн дүүрэг, хорооны хүн амын тоотой уялдуулан хуваарилах ёстой" хэмээгээд “Насан урт” Эрүүл мэндийн төвд шинэ барилга барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгах чиглэлд онцгой анхаарахыг ЭМЯ-ны төлөөлөлд анхаарууллаа.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ