Цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, хар шороон хөрс гаргаж авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-16 17:28:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Х.Баделхан өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнтэй хамт нийслэлийн Цэвэрлэх төв байгууламжийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
 
Цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэн хар шороон хөрс гаргаж авч байна

60 орчим жил хуримтлагдсан их лаг, олон жил засварлаагүй явж ирсэн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар Ерөнхий сайдын зүгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн хүрээнд өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж дээр 4 төрлийн ажил хийж байгаа ажээ. Эхнийх нь цэвэрлэх байгууламжийн нэг бүр нь 4500 шоо метрийн эзлэхүүнтэй тунгаагуурыг иж бүрнээр барьж дуусган био цөөрмийн барилга угсралтын ажлыг хийхээс өнөөдрийн байдлаар 2 тунгаагуурыг иж бүрэн барьж дуусган өнөөдөр хүлээлгэн өгөв. Ингэснээр эргэлтийн идэвхит лагийг сайн суулган буцаан авч Туул голд нийлүүлж буй умбуур урсгалын хэмжээг багасгаж биологийн цэвэрлэгээний чанар сайжрах юм байна. Нэг ёсондоо бохир усны цэвэрлэгээний түвшин нэмэгдэж тэр хэмжээгээр Туул голд умбуур бодис нийлэхгүй болж бохирдол буурах юм.

Хоёр дахь ажил нь цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх явдал. Энд Монгол эрдэмтдийн гарган авсан гумины бодис ашиглан ийм төрлийн бордоог лагийн талбайд шүршин цацаж зузаан үе үүсгэн ялзарлыг зогсоож үнэрийг дарж байна. Үүний хүрээнд лагийг хар шороон хөрс болгож буйгаа дуулгасан юм. Лагийн талбай дахь үнэрийг дарж, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох энэхүү ажлыг ШУТИС-ийн доктор профессор Д.Басандоржийн удирдлага дор дотоодын “Ховд тул” ХХК хийж байна. Тэрээр, “Ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Хар шороо үүсгэгч бичил биетэн, лаг, уул уурхайн хаягдал шороо, уурын зуухны үнсийг ашиглан хар шороо гарган авч байна. Агааргүй орчинд бордоожуулж, дараагаар нь хуурайшсан лагаа хаягдал шороо, үнстэй холих замаар үйлдвэрлэж байна. Дараагаар нь үнэргүйжүүлэх ажлуудыг хийж байгаа. Энэ сард бүх ажлаа хийгээд дуусгах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотын 15 жилийн бордооны нөөц энэ газарт байна” гэлээ. Энд лагийг нуруулдан үнэргүйжүүлэх бактер бүхий уусмал цацан, хэт ягаан туяанаас хамгаалсан полиэтилин хальсаар хучиж дулааныг нь өсгөж, хяналтын шрупуудыг ухаж илүүдэл усыг зайлуулан хатаах арга хэрэглэж байна. Гурав дахь нь мөн лагийг үнэргүйжүүлэхээс гадна бордоо болгон үйлдвэрлэж буй бас нэг таатай мэдээг өнөөдөр дуулгалаа. Энэ ажлыг Японы экосистемийн мэргэжилтэн, инженер Ёошиаки Ода-гийн удирдлага дор “Эко Тайхи” ХХК хийж гүйцэтгэж буйг сэтгүүлчид өнөөдөр газар дээр нь үзэж танилцлаа. Ноён Ода-гийн хэлж буйгаар лагийг бичил биет бактерийг үржүүлж өсгөх эко технологийн аргаар цэвэрлэхээс гадна бордоо болгож байна.

Удаахь ажил нь АХБ-ын хөрөнгө оруулалтаар 7.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй аэротенкийн барилгын бетон хийц, эдлэлийн засварын ажил бөгөөд энэ хүрээнд 5 аэротенкийг засахаас одоогийн байдлаар нэгийг нь бүрэн ашиглалтад оруулж 2-р аэротенкийн цутгалын ажил эхэлж 35 хувийн гүйцэтгэлтэй явж байна. АХБ-ын төслийн хүрээнд дээрх ажлыг хийснээр цэвэрлэх байгууламжид биологи цэвэрлэгээний ашигтай бичил биетүүдийн амьдрах орчин үүсч биологи цэвэрлэгээний хүчин чадал сайжрах юм. Мөн дугуй резервуарын хуучин барилгыг нурааж шинээр барих буулгалтын ажлыг хийж, бохир ус хүлээн авах барилгыг шинэчилнэ. Ингэснээр бохир ус өргөх байгууламжийн найдвартай ажиллагаа сайжирч хэвийн ажиллах юм байна. Дээрх бүх ажлын хүрээнд Төв цэвэрлэх байгууламж, тэр орчмоос гардаг,  22-ын товчоо хүрэх төв замаар явж байхад хүртэл хамар сэнхийн үнэртдэг бохирын үнэр саармагжин, үнэртэх нь багассан нь газар дээр нь очсон сэтгүүлч бидэнд илт мэдрэгдэж байв. Харин цэвэрлэх байгууламжийн үнэр гэхээсээ илүү тус байгууламжийн хажууд байрлах өлөн боловсруулах үйлдвэрийн химийн үнэр илүүтэй үнэртэж байв. Тиймээс хэдийгээр Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрээ дарлаа ч гэсэн арьс шир, өлөнгийн үйлдвэрүүдээс гарч буй үнэрийг яах вэ гэдэг дараагийн асуудал тавигдаж буйд салбарын сайд санаа зовж буйгаа хэлж байв.
 
Хятадын тал Францын компанийн хийсэн ТЭЗҮ-г зөвшөөрсөн хариу ирүүлжээ 

Хийж буй ажлуудтай танилцсан БХБ-ын сайд Х.Баделхан хэлэхдээ, “Цэвэрлэх байгууламжийг шинэчилж барьж чадалгүй 20 жил болсон нь хөрөнгийн эх үүсвэрийг шийдээгүй явсантай холбоотой байсан. Одоо хийж буй засвар, шинэчлэлийн ажлуудаас гадна шинэ цэвэрлэх байгууламжийг барина, санхүүжилтийн асуудлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шийдсэн. Францын компанийн хийсэн ТЭЗҮ-г Хятадын тал зөвшөөрсөн хариугаа саяхан манай талд ирүүллээ. Ингэснээр одоо гүйцэтгэх 3 компанийг хөрөнгө оруулж буй Хятадын тал санал болгож эндээс нэгийг нь манай тал сонгон шалгаруултаар тодруулснаар барилгын ажил эхэлнэ” гэж мэдэгдсэн юм. Монголын талаас барилгын ажил дээр олон улсын стандартын дагуу гүйцэтгэх, 2020 оноос өмнө ашиглалтад оруулах шаардлага тавьж байгаа аж. Төв цэвэрлэх байгууламжийн хувьд шинэ цэвэрлэх байгууламж баригдахаас өмнө 2018 ондоо хуучин хуримтлагдсан лагаа бүрэн цэвэрлэж, засвар шинэчлэлийн ажлаа  дуусгах үүрэг хүлээн ажиллаж байна. Энэ хүрээнд улсын төсвөөс 10 тэрбум төгрөг төсөвт суулган санхүүжилтийг бүрдүүлж өгчээ. Энэ хөрөнгө хангалттай хүрнэ гэж БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн мэдэгдэж байлаа.
Цэвэрлэх байгууламжид ажиллах үеэр хөндсөн нэг асуудал Эмээлтэд байгуулж буй Аж үйлдвэр, технологийн парк руу арьс шир, өлөн гэдэс боловсруулж буй жижиг, дунд үйлдвэрүүд, ААН-үүдийг хотоос нүүлгэн шилжүүлбэл цэвэрлэх байгууламжид ирж буй бохирын ачаалал илт буурах тухай яриа байв. Энэ талаар Эмээлтийн паркийн бүтээн байгуулалтыг хариуцаж буй ХХААХҮЯ болон нийслэлийн захиргаатай БХБЯ хэр уялдаа холбоотой ажиллаж байгаа талаар сайд Х.Баделханаас тодруулбал, “Бид уялдаатай ажиллаж байгаа, ийм шаардлага ч тавигдаж байна. Эмээлтийн АҮТП-ын хувьд байгуулах шийдвэр нь нэгэнтээ гарчихсан. Одоо хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хүлээж байна. Бид үүнээс өмнө арьс шир, өлөн боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж буй болон гаргаж буй усаа стандартчилж тогтоон ангилах, мөн бохироо хаана ч байсан, хаашаа ч нийлүүлэх байсан өмнө нь урьдчилан цэвэрлэх жижиг байгууламж байгуулах шаардлага тавьж байна” гэсэн юм.
Тодруулга: Төв цэвэрлэх байгууламжид ирж буй бохирын хамгийн эхний эх үүсвэр нь өдөр бүр хотоос ирж буй 1000-1200 шоо метр шингэн лаг байдаг бөгөөд үүнийг өглөө орой нь шахаж гаргадаг байна. Мөн карт гэсэн 4-6 байгууламжид хадгалан цэвэрлэдэг байна.
Б.Болд
 
Холбоотой мэдээ