Гадаад хэргийн сайд хоёр талын уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-09 09:23:33

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 22 дугаар уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд Ивица Дачичтай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Сербийн сайд Ивица Дачич илэрхийлсэн бол Сайд Л.Пүрэвсүрэн энэ жилийн ЕАБХАБ-ын даргалагч-улс болсон Серби Улсад ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 22 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Түүнчлэн сайд Л.Пүрэвсүрэн ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Заниертэй уулзав.

Уулзалтын үеэр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Заниер 2015 он Монгол Улсын хувьд үр өгөөжтэй жил байсныг дурьдаад цаашид ЕАБХАБ дахь Монгол Улсын оролцоо улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

Сайд Л.Пүрэвсүрэн уг уулзалтын үеэр Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч байгаагаа дурьдаад цаашид ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллах болно гэдгээ хэлэв.

Холбоотой мэдээ