ЕАБХАБ-ын сайд нарын зөвлөл ажлаа өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-09 09:30:26

Аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг бүсийн хамгийн том байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын Зөвлөл энэ 12 дугаар сарын 3-4-нд Серби улсын нийслэл Белград хотноо хуралдаж ажлаа амжилттай өндөрлөв.

Жил бүр болдог тус Зөвлөлийн энэ удаагийн уулзалтад байгууллагын гишүүн 57 орон, хамтын ажиллагааны түнш 11 орны төлөөлөгчид оролцсоноос 42 улсын төлөөлөгчдийг гадаад хэргийн сайд нь тэргүүлж оролцсон байна.
Уулзалтын үеэр сайд нар эн тэргүүнд бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээнд онцгой анхаарал хандуулж буй терроризмтой тэмцэх асуудлаар санал бодлоо солилцож, эл үйлсэд хүч чармайлтаа нэгтгэх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулахыг уриалсан тунхаглал баталж гаргасан байна.
Мөн Украйны хямрал, зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах чиглэлд зарим нааштай үр дүн тэмдэглэхийн хамт хямралыг энхийн замаар шийдвэрлэх, Минскийн тохиролцооны заалтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн ач холбогдлыг нийтээр онцолсон байна. Нэн ялангуяа, гал зогсоох явдлыг улам бататгах, танк, хүнд зэвсгийг 12 дугаар сар гэхэд бүрэн татсан байх, Украйн дахь ЕАБХАБ-ын Ажиглагчдын тусгай багийг нэмэлт хүн хүч, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бэхжүүлэх асуудалд онцгой ач холбогдол өгчээ.

Эдгээрээс гадна Ойрхи Дорнодоос Европ руу орж ирж буй цагаач, дүрвэгсдийн асуудал, дэлхий нийтээр мансууруулах бодисын хууль бус наймаа, хэрэглээтэй тэмцэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, шашин хоорондын яриа хэлцээ бэхжүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, эрүүдэн шүүх явдалтай тэмцэх, хүний эрхийн үндэсний байгууллагуудыг дэмжих зэрэг олон чухал асуудлаар тунхаглал, тогтоол баталж гаргажээ.

ЕАБХАБ-ын үйл ажиллагааг өнөөгийн шинэ нөхцөлд нийцүүлэн шинэчлэх, сайжруулахад гишүүн олон улс онцгой ач холбогдол өгч ирсэн бөгөөд эл асуудлаар 2014 онд байгуулагдсан “Нэрд гарсан хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг”-ийн илтгэлийг уулзалтын үеэр гишүүн орнуудад танилцуулсан байна. Илтгэлд ЕАБХАБ-ыг өөрчлөн шинэчлэх асуудлаар Ажлын хэсгээс дэвшүүлж буй санал, зөвлөмжийг тусгасан ажээ.

Тус уулзалтад манай улсаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй оролцсон. Байгууллагын хүрээнд хэлэлцдэг асуудлаар гишүүн орнуудын байр суурь ялгаатай байсан хэдий ч Сайд нарын Зөвлөлийн энэ удаагийн уулзалтын үеэр гишүүн орнууд олон улсын терроризм, Украйн болон дүрвэгсдийн хямрал зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлаар хамтран ажиллах нь хэзээ хэзээнээс чухал болоод байна гэсэн үзэл санааны үүднээс асуудалд хандаж байсныг чуулганд оролцсон төлөөлөгчид онцлон тэмдэглэж байна.

Холбоотой мэдээ