ӨМӨЗО-ны Тунляо хотоос Бээжин хүртэл хурдны галт тэргээр ердөө 3,5 цаг явдаг болно
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. ӨМӨЗО-ноос Хятад Зүүн хойд нутгууд руу чиглэсэн анхны чиглэл болох Тунляо хотоос Ляонин мужийн Шиньмин хот хүртэлх хурдны галт тэргийн замын туршилтын ажлыг өнөөдөр хийсэн талаар Хятадын Төмөр замын корпорациас мэдэгдлээ.
Уг шугам албан ёсоор нээгдсэнээр Тунляо хотоос Ляонин мужийн төв Шэньян хот хүртэл 5 цаг явдаг байсан нь 1.5 цаг, Бээжин хот хүртэл 14 цаг явдаг байсан нь 3.5 цагт очих боломжтой болж байгаа юм.
Шиньмин-Тунляо холбосон өндөр хурдны галт тэрэгний замын бүтээн байгуулалт 2016 оны 6 дугаар сард албан ёсоор эхэлсэн бөгөөд Бээжин-Шэньян хүрэх хурдны галт тэрэгний замтай Шиньмин хотод холбогдох юм. Нийт 197 км урттай уг замаар өндөр хурдны галт тэрэг 250 км цагийн хурдтай явах боломжтой хэмээн тооцоолсон байна.
Энэхүү маршрут нь Хятад улсын “Найман хэвтээ, найман босоо” үндэсний төлөвлөгөөний хүрээнд өндөр хурдны галт тэргийн замын сүлжээний нэг хэсэг болж байгаа аж.
А.Анхбаяр