А.Билгүүн: Хариуцлагатай уул уурхайг бүгд хүлээж байна

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2018-09-07 12:53:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Монголд өнөөдөр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь чухал байна. Ингэхийн тулд шинэ техник, технологи нэвтрүүлх, байгаль орчны талаар үүрэг хүлээх явдал юм” гэдгийг “Discover Mongolia-2018” чуулганы зохион байгуулах хорооны гишүүн, эдийн засагч, MIBJ компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн онцлов.
Тэрээр, “Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарыг дахин сонирхож эхэллээ. Үүнийг энэ удаагийн “Discover Mongolia-2018” чуулга уулзалтад ирсэн 800-гаад шахам төлөөллөөс харж болохоор байна. Төлөөллийг дотор нь нарийвчлан харвал мэргэжлийн хөрөнгө оруулагчид, олон улсын хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл их байна. Энэ хүмүүс бүгд Монголд зүгээр ирнэ гэж байхгүй. Ямар нэг шийдвэр гарахыг хүсч ирж байгаа юм. Эндээс үзэхэд хөрөнгө оруулагчдын хандлага нааштай байна гэж дүгнэж болно.Гэхдээ бид зөвхөн хөрөнгө оруулагчид гэлтгүй манай улсын иргэний нийгмийн байгууллагууд, төр, засаг хамтраад тулгамдсан олон асуудал ирээдүйд биднийг хүлээж байгааг ярьж хэлэлцэх учиртай.

Ингэхгүй бол уул уурхайг тойрсон нийгэм, улстөр, байгаль орчны салбарууд маш амархан хямардгийг бид сүүлийн хэдэн жилийн хугацаанд бишгүй амсаж ойлгосон. Чухам энэ үүднээс “Discover Mongolia-2018” чуулга уулзалтын өмнөхөн бид төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд тал талаасаа оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Эндээс бид юу хүлээж байна гэхээр, нэгд, хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхийг, хоёрт, уул уурхайн компаниуд өөрсдөө нийгэмд үйл ажиллагаа, бизнес бүхий л талаараа хариуцлагатай байхыг хүлээж байна. Байгаль орчин, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж сайжруулах явдал юм. Үүнийг Монголын нийгэм ч хүсч байна. Хамгийн гол нь уул уурхайн компаниудад ногдох эдийн засгийн үр өгөөжийг монголчуудад яавал хүртээмжтэй байлгах талаас нь бодолцох нь чухал байна” гэв.
Б.Болд
Холбоотой мэдээ