Израил хүү сэлфидэх гэж байгаад амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-09-07 16:17:53
КАЛИФОРНИ. /Би-Би-Си/. Израилын өсвөр насны нэгэн хүү АНУ-ын Калифорни муж улсын “Йосемите” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялж явахдаа сэлфидэх гэж байгаад өндрөөс унаж, харамсалтайгаар амиа алдсан байна.

“18 настай Томер Франкфуртер нь ууланд авирах хоёр сарын аялалд оролцохоор АНУ руу явсан” гэж Израилын хэвлэлүүд хүүгийн ээжийн ярьсныг иш татан мэдээлжээ. Ээжийнх нь ярьснаар, хүү сэлфидэх гэж байх үедээ 250 м-ийн өндрөөс хальтирч унасан байна.

“Хүүгийн цогцсыг эх оронд нь авчирсан” гэж Израилын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. Өнгөрсөн 6 дугаар сард “Йосемите”-д хаданд авирагч хоёр хүн боржин чулууны тогтоцыг хэмжиж үзэх гэж байгаад унаж амиа алдсан юм.

“Йосемите” цэцэрлэгт хүрээлэн Калифорнид дэгдсэн хүчтэй гал түймрийн дараа дахин нээгдээд удаагүй байгаа ажээ.
Э.Хулан

 
Холбоотой мэдээ