Б.Баттогтох: Байгалийн ямар ч бэрхшээлийн өмнө малчин бид ямагт бэлэн байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хяргас сумын Бугат багийн малчин Билэгийн Баттогтохтой ярилцлаа. Уужуу холч бодолтой, ухаан суу ихэт өвгөн малчдын минь үр хойч болсон түүнтэй сонирхолтой яриа өрнүүллээ.
-Та өөрийгөө товчхон танилцуулаач?
-Би 1975 онд төрсөн, 43 настай, туулай жилтэй. Мал маллаад 30 гаруй жил болж байна. Анх аав ээжээсээ цөөн хэдэн мал өмчид авч өрх гэр болж байлаа. Түүнээс хойш 19 жил аав ээжийнхээ буяныг маллаж байна даа. Ам бүл зургуулаа. Эхнэрийг маань Цэдэнбалын Батцэцэг гэдэг. Дөрвөн хүүхэд маань бүгдээрээ ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа.
-Малчид эргэх дөрвөн улиралд байнга хөдөлмөрлөж байдаг улс. Ингэхэд чөлөөт цаг гэж гардаг уу?
-Ховорхон доо. Малаа хариулна, сүү цагаан идээгээ хийнэ, арьс ширээ боловсруулна, хадлан тэжээлээ бэлтгэнэ гээд малчин хүнд ажил мундахгүй. Ажлын таван өдрийн хоёрт нь амарна гээд хүмүүс ярьдаг бол бидэнд амралтын өдөр гэж байхгүй. Шөнө бол шөнө, өдөр бол өдөр, байгалийн ямар ч бэрхшээл тохиолдоно тэр бүрийд бэлэн байна шүү дээ. Нэг сайхан унтаж байтал шуурга шуурна, эсвэл цас, бороо орно. Тэр бүхэнд малчид бид ямагт бэлэн байж, бор зүрхээрээ даван туулдаг.
-Төрөөс малчдыг сүрхий дэмжиж байгаа шүү дээ?
-Яахав, дэмжиж байна л даа. Малын тоо толгойд биш, чанарт анхаармаар байна гэдэг асуудлыг олон жил ярилаа. Гэвч мал сүрэг өсөөд л байна, бэлчээр нутаг хомсдож, цөлжсөөр л байна. Үүнээс гарах гарцыг л яаралтай олмоор байна шүү дээ. Тэгэхгүй бол жил ирэх бүр ган, зуд нүүрлэх болно. Жишээ нь, манай багийн бэлчээрийг гэхэд Цагаанхайрхан, Малчин, Завхан гээд гурван сумын малчид тал талаас нь хавчиж байна. Манайх Бор хайрханы бэлд зусаад, өвөрт нь өвөлжөөд, ард нь гарч хаваржиж намарждаг айл. Гэтэл жил ирэх бүр буурь бууцанд маань ургамлын гарц муудаад байгаа. Бор хайрханы өвөр талд сайхан нутаг байдаг. Даарч хөрөхгүй, дулаан газар бий. Харин ар шил талдаа их хэцүү, хүйтэн байдаг юм.
-Танайх энэ жил зуд турханд өртөв уу?
-Өнгөрсөн өвөл хэцүү жил болсон ч манай мал сүрэг онд мэнд сайн орсон. Зуд зурханд өртөхгүйн тулд малчид бид аль чадахаараа зүтгэж л байна.
-Танай мал сүрэг хэд хүрч байна?
-Мянга гаруй малтай. Хаана сайн бэлчээр байна түүнийг дагаж малаа малладаг. Жилдээ 30 гаруй нүүдэл хийнэ. Мал төллөх үеэр Улаангомоос туслах малчин авдаг. Гэхдээ одоо олдох нь ховор болж байна. Адуундаа Сүхбаатар аймгаас азарга авч тавьсан. Бас баяд омгийн хуц, Өлгийн улаан тэх авч хонь, ямааныхаа үүлдэр угсааг сайжруулсан. Адуугаа өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулж байгаагийн хувьд ирэх жилээс морь уяна гэж бодож байгаа. Уяж байсан морь маань бэртээд нэг хэсэг морь уяахаа завсарласан. Одоо үргэлжлүүлнэ дээ.
-Танайх буурь сэлгэхдээ хогоо яадаг вэ?
-Ах дүү, найз нөхөд ирэхээр хэрэглэсэн архиныхаа шилийг цуглуулаад шатаачихдаг. Зөв шатааж чадвал архины шил их сайхан шатдаг юм. Гуу жалгатай газар шатаавал урсаад явчих тул хонхор газар бүгдийг нь цуглуулаад аргал хомоолд бензин хийгээд шатаачихдаг. Эргээд нүүгээд ирэхэд архины шил, элдэв зүйлийн хог буртаггүй цэвэрхэн буурь угтана шүү дээ. Хоггүй, цэвэрхэн орчинд байх дуртай тул би хог их цэвэрлэдэг. Сумын төв ороод ганц чихэр идсэн ч цаасыг нь хогийн саванд хийдэг. Бусад хүмүүсийг ч гэсэн хогоо хогийн саванд хий гэж шаарддаг их л ядаргаатай хүн дээ би. Малчид бид нутгийн уул усандаа сан салхи тавина, үр хүүхдээ дагуулж очно, цай сүүний дээжээ өргөнө, тахина, хог буртагийг нь цэвэрлэнэ гээд байнга байгаль, эх дэлхийгээ аргадаж байдаг. Энэ сайхан зан заншил маань ирээдүй хойч үед ч гэсэн өвлөгдөн үлдэх болтугай.
-Танд ямар нэгэн авъяас бий юу?
-Икэл татах дуртай. Манай ээж их сайхан икэл татдаг хүн байсан юм. Би ээжээрээ икэл заалгаж байсан ч тухайн үед сураагүй. Сүүлд бодож байгаад сонсголоороо сурсан. Баядын таван татлагын дөрвийг нь татаад сурчихсан. Үлдсэнийг нь удахгүй сурчихна. Бас уртын дуу сонирхдог. Баяд ардын уртын дуунаас ганц хоёрыг дуулчихна шүү. Миний ээж Баяндаан Цагаанхүү гээд 78 нас насалсан азай буурал бурханы оронд байгаа. Ээжээсээ л эдгээр авъяасыг өвлөсөн дөө. Миний нагац нар их мундаг хүмүүс бий. Тухайлбал, Т.Лүндэн, Ц.Цэндээ гээд улсад цуутай малчид байна. Монгол Улсын гавъяат малчин Т.Лүндэн ахаасаа би мал маллах арга ухааныг сурсан. Миний аав Мөнхийн Билэг гэж хүн байгаад 86 наслаад бурхны оронд одсон. Аав маань ч гэсэн сум орон нутагтаа нэр алдартай мундаг малчин хүн байсан. Аав ээжийнхээ ач буяныг дагаад мал маллаад сайн сайхан явж байгаадаа би үргэлж баяртай байдаг.
-Танд баярлалаа.

Б.Батхүү