Цэнгэл суманд "Шинэ сум" төсөл хэрэгжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 11:44:10

Засгийн газраас хамгийн богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бодит бүтээн байгуулалт болох  Баян-Өлгий  аймгийн Цэнгэл сумын “Шинэ сумын төв”-ийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.

Уг нээлтэд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, аймгийн удирдлагууд, төслийг гүйцэтгэсэн компаниудын захирлууд болон тус сумын ард иргэд оролцлоо.

“Шинэ сум” төслийн хүрээнд Цэнгэл сумын төвд 400-500 хүний багтаамжтай Соёлын төв,  Цахилгааны дэд станц, усан сан, цэвэрлэх байгууламж, нэгдсэн халаалт, гэрэлтүүлэг, 0,8 км хучилттай хар зам, 1,5 км явган хүний зам зэргийг барьжээ. Эдгээр барилга байгууламжуудыг барихын тулд таван тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Уг төсөл хэрэгжсэнээр иргэд орон нутагтаа тав тухтай, тохилог сайхан орчинд амьдарч, ажиллах аюулгүй орчин бүрдлээ. Хөдөө нутагт хүний амьдралын бүхий л нөхцлийг хангасан Соёлын төв, дэд бүтэц, цахилгаан, дулаан, гэрэлтүүлгийг байгуулж, усан хангамжийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байна.

Мөн “Шинэ сум” төслийн нээлтийн арга хэмжээ аймаг, сумын цолтой болон залуу 48 хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж нээлтэд хуран цугларсан үзэгч олноо баясгав. Бөхийн барилданд Баяннуур сумын харьяат аймгийн начин Ө.Жанболат түрүүлж, Цэнгэл сумын харьяат аймгийн зан М.Аманбек үзүүрлэж, Алтанцөгц сумын харьяат аймгийн начин Өзгерис гуравдугаар байранд шалгарлаа.

Ш.Айзаря

Related news