Алтан шармал эмээл аймгийн музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-17 11:26:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын казахуудын хэрэглэж ирсэн морины тоног, хэрэгслүүдийн хийх арга, хэлбэр хийц, хэрэглээний шинж чанар, зориулалт нь Монголын олон үндэстэн угсаатныхтай тун ижил хэдий ч зарим талаар өөрийн гэсэн өвөрмөц соёлын өв уламжлалтай байдаг.

Казахууд морьтны хэрэгслийг "ер тұрман" хэмээн нэрлэдэг. Үүнд ташуураас эхлээд эмээл, хазаар, ногт, хөмөлдрөг, хударга, эмээлийн бүтээлэг, даруулга зэрэг бүх хэрэгсэл багтана. Бэл бэнчинтэй хүмүүс энэ бүгдийг алт, мөнгөөр гоёно.

Казах эмээлийн урд бүүрэг нь эгц, хойд бүүрэг нь хойшоогоо налуу, хүн чөлөөтэй суух боломжтой, үндсэндээ хавтгайдуу хэлбэр хийцтэй байдгаараа онцлогтой. Урт, өргөн хэмжээгээрээ монгол эмээлүүдийн аль ч төрлөөс том. Казах эмээлийг хийц, хэлбэрийн хувьд керей /Хэрэй/ эмээл, найман эмээл, хэрэглээний шинж чанараар ердийн ба гоёлын, зориулалтаар нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн /ашамай/, ачааны /ыңыршақ/ гэх зэргээр ангилдаг.

Эмэгтэй эмээл нь эрэгтэй эмээлээс хийцээрээ том байдаг байна. Энэ нь эмэгтэй хүн урдаа өлгийтэй хүүхдийг авч явахад тохиромжтой болгосонтой холбоотой байдаг.

Эрт дээр үед казахууд охиноо хадамд мордуулахдаа түүнд инж, гэр орон, тодорхой хэмжээний мал хөрөнгө хуваарилж хамт дагалдуулдаг байсан. Хадамд мордсон охиндоо өгдөг эд хөрөнгийн дотор уран хийцтэй морины тоног хэрэгсэл багтдаг юм.

Ийм зориулалтаар хийсэн нэгэн эмээл Баян-Өлгий аймгийн орон нутаг судлах музейд хадгалагдаж байна. Казахын ард түмний нүүдэлчин соёлын илэрхийлэл болсон тус эмээл нь "алтан шармал" нэртэй бөгөөд маш уран хийцтэй, дахин давтагдашгүй үнэт үзмэр аж.

Эмээлийн гоёл чимэглэлүүдийг төмрөөр хийж, мөнгөөр өнгөлж, алтны уурт барьжээ. Мөн даруулга, хөмөлдрөг, хазаар, ширэн тохом, хос дөрөө, зэрэг зүйлээс бүрдсэн байна.

Уг үзмэрийг ХХ зууны эхэн үед хадамд мордуулсан охинд зориулан хийсэн ба тус аймгийн Улаанхус сумын Хавдал гэдэг хүн хэрэглэж байсан ажээ.




Related news