Esport-ын ДАШТ-д өрсөлдөх Монголын баг энэ сарын 21-23-нд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-20 14:20:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын И-спортын холбоо /IESF/-ноос жил бүр зохион байгуулдаг “IESF World Championship” 14 дэх удаагийн тэмцээн 2022 оны 11 дүгээр сард Индонезийн Балид явагдана.


Энэ удаагийн И-спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6 төрөлд зохион байгуулахаар товлоод байгаа. Тодруулбал, CS:GO, DOTA2, eFootball, Tekken 7, Mobile Legends, PUBG Mobile төрлүүд тус тус багтсан юм. Монгол Улс бүх төрөлд нь оролцохоор нэрээ мэдүүлсэн бөгөөд баг тамирчдыг тодруулах тэмцээнүүд амжилттай үргэлжилж байна.


Одоогоор тус төрлүүдийн аваргыг шалгаруулах MESA Pro Series, MESA Champions, Prowave, MESA Premier зэрэг тэмцээнүүд төгсгөлийн шатандаа ороод байгаа юм. Тэмцээний финалд өрсөлдөх баг тамирчдын нэр тодроод байна. Шигшээ буюу финалын шатны тоглолтууд 6 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд “Zaisan Hill Complex”-д 3 өдрийн турш үргэлжилнэ. Энэхүү тоглолт Electronic Sports Festival буюу ESF22 нэрийн дор явагдах юм.


ESF22-ийн эхний өдөр мобайл төрлийн аваргууд тодрох бөгөөд 12 цагаас PUBG Mobile-аар эхэлж, Mobile Legends-ийн финал явагдаж, эцэст нь PUBG Mobile-ийн финалын раунд явагдсанаар өндөрлөнө. Харин 22-нд буюу хоёр дахь өдөр нь CS:GO-ийн MESA Pro Series явагдах ба IHC Esports, The MongolZ багууд финалын эрхийн төлөө тоглох бол тэдний ялагчийг Aravt баг Гранд финалд хүлээж байна. Мөн эмэгтэй CS:GO төрлийн финалд XOP болон S-TAW өрсөлдөх юм.


Тоглолтын сүүлийн өдөр DOTA2 болон console-ийн төрлүүд явагдсанаар ESF22 өндөрлөнө. DOTA2-ийн MESA Champions тэмцээнд Lilgun, Renewal, Kobolds багууд тунаж үлдсэн. Харин Tekken7, eFootball-ийн финалд өрсөлдөх тамирчдын нэрс хараахан тодроогүй байна. Энэхүү тоглолт MESA-ийн энэ онд зохион байгуулж 4 дэх биет тэмцээн болж байгаа бөгөөд он гарснаар нийт 1000 гаруй тамирчид тэмцээнд өрсөлдсөн байна.

Related news