ХОВД: Болор цайх эмгэгтэй 40 хүнд мэс засал үнэгүй хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-13 12:05:59

Ховд /МОНЦАМЭ/. Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт Дэлхийн хараа хамгаалах өдөр тохиодог.


Тус өдрийг Монголд 2011 оноос эхлэн тэмдэглэж, хараагаа хамгаалахын ач тусыг таниулан сурталчлах, олон нийтийн анхаарлыг хандуулах ажлыг эрүүл мэндийн байгууллагууд шат дараатай хэрэгжүүлж байна.


Энэ өдөр бол эмч нар мэдлэг, мэдээлэл, туршлагаа хуваалцах, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн дурын үйл ажиллагаа явуулахад түлхэц болдгоороо онцлогтой.     


Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймагт нүдний үзлэг, эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.    


Тодруулбал, ДЭМБ-ын харьяа, Олон улсын сохролтой тэмцэх байгууллагын гишүүн болох “Vision care” байгууллагын гишүүн эмч Б.Батчимэг 2022 оны 10 дугаар сарын 12-16-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.  


Тэрбээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Нүдний тасгийн эмч нартай хамтран орон нутгийн иргэдэд нүдний үзлэг хийж, сохрол үүсгэдэг болор цайх эмгэгийг илрүүлж байна. 
Алслагдсан нутаг дэвсгэрт амьдарч байгаа, эмчилгээ, үйлчилгээ авахад хүндрэлтэй, болор цайх эмгэгээс үүдэн харааны бэрхшээл үүссэн 40 хүнд болрын мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөжээ.  


Зарим хүний болрын мэс засал өчигдөр хийгдсэн, зарим нь үзлэгийн дагуу товлогдоод явж байна. 
Мөн эмчилгээний талаар зөвлөгөө авч байна.    

Энэ ажлын үр дүнд болор цайх эмгэгээс үүдэн хараа алдан, амьдралын чанарт нь нөлөөлсөн иргэдэд сайн дураараа тусалснаар тэдэнд гэрэл гэгээтэй амьдрал бэлэглэх боломж бүрдэж буйг эмч нар онцоллоо.    

Иргэд хараа хамгаалах зорилгоор нүдний эмчийн үзлэгт тогтмол, үе шаттай хамрагдаж, хараагаа оношлуулах, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэхийг онцоллоо.

Related news