БАЯН-ӨЛГИЙ: Ажлын баг цэцэрлэгийн багш нарын ажлыг үнэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу ”Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажил гүйцэтгэлийн үнэлгээ”-г улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.
Энэ хүрээнд БШУЯ-наас Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Г.Монголхатангаар ахлуулсан ажлын баг Баян-Өлгий аймагт ирж өчигдрөөс ажиллаж байна.
Тус үнэлгээгээр багш нар хүүхдүүдтэй хэрхэн ажиллаж байна, тулгамдсан ямар асуудал байна, хамт олон, эцэг эхчүүд багшийн ажлыг яаж үнэлдэг, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байна гэдгийг судлан тогтоох аж.
Улаанбаатар хотоос ирсэн ажлын баг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүдтэй хамтран өчигдөр Өлгий сумын 5, 14 дүгээр цэцэрлэг, мөн Сагсай, Бугат сумын хүүхдийн цэцэрлэгүүдэд очиж ажиллав. Харин өнөөдөр Толбо сум болон Өлгий сумын үлдсэн цэцэрлэгүүдэд үргэлжлэн ажиллах юм.
Цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг үндэслэн Боловсролын
ерөнхий газраас төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэгийн багшид олгох мөнгөн
урамшууллыг тооцож үндэсний хэмжээнд арга зүйн удирдлагаар хангаж ажиллана
гэдгийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн С.Ерия онцоллоо.