БАЯН-ӨЛГИЙ: 2023 онд болох аялал жуулчлалын үйл ажиллагаанууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн баруун хязгаарт оршдог, казах, урианхай, дөрвөд, тува зэрэг үндэстэн ястнууд амьдардаг Баян-Өлгий аймагт болдог аялал жуулчлалын гол гол үйл ажиллагаануудыг танилцуулж байна.
1. Бүргэдийн баяр.
Бүргэдийн баяр нь Монгол Улсын аялал жуулчлалын томоохон үйл
ажиллагаануудын нэг бөгөөд 2000 оноос зохион байгуулж байгаа. Нүүдэлчид
одоогоос 6000 жилийн өмнөөс бүргэдийг гаршуулж ан агнаж байсан талаар түүхчид
бичдэг. Харин өнөө цагт бүргэдээр ан агнах уламжлалыг хадгалж үлдсэн цөөхөн
үндэстнүүдийн нэг бол казах түмэн юм. Иймээс бүргэдээр ан хийх эртний уламжлалыг
сэргээх, дараагийн үед өвлүүлэн үлдээх, олон нийтэд сурталчлах, гадаад дотоодын
жуулчид олноор ирж сонирхдог аялал жуулчлалын үйл ажиллагаа болгох зорилгоор
жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Зохион байгуулагч нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал
жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо зэрэг төрийн болон төрийн бус
байгууллагууд юм.
Бүргэдийн баяр нь жилд 2 удаа болдог. Байгаль орчин, аялал жуулчлалын
яамнаас гаргасан хуанлид тусгаснаар энэ жил тус үйл ажиллагааг 3 дугаар сарын
4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын
цогцолборт “Бүргэдийн баяр” нэрээр, 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний
өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Өнчин толгой” хэмээх газарт /аймгийн
төвөөс 5 км зайд/ “Алтан бүргэдийн баяр” нэрээр тус тус зохион байгуулна.
Энэ үеэр бүргэдчид үндэсний хувцсаар гоёж, бүргэдээ биедээ дасгасан байдал,
ан агнахад сургасан байдлаараа өрсөлдөнө.
Бүргэдийн баярыг зохион байгуулахтай холбоотой мэдээллийг 99428858, 85866767 дугаарын утсаар авах боломжтой.
2. Мөсний баяр
Мөсний баярын үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар,
Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран жил бүрийн 2 дугаар сарын 20-25-ны
өдрүүдэд зохион байгуулна. Мөсний баярын үеэр хоккей, тэшүүр, олс таталт,
мөсний шагай, мөсний сур харваа, загас агнах зэрэг уралдаан, тэмцээнүүд
явуулна.
3. Наурызын
баяр
Наурыз баярыг нийтийн он тооллын өмнөх IV-VII зууны үед эртний Перс оронд тэмдэглэж эхэлсэн гэж эрдэмтэд үздэг. Агуулгын хувьд шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. Эдүгээ тус баярыг Ази, Ойрхи Дорнод, Европын 40 гаруй орны 400 орчим сая иргэн Шинэ жилийн баяр, урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр хэмээн тэмдэглэдэг.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2010 оны 64 дэх хуралдаанаар Наурыз баярыг олон
улсын баяр болгон баталж, ЮНЕСКО “дэлхийн халдашгүй соёлын өв”-ийн жагсаалтад
оруулсан.
Монголын казахуудын хувьд уг баярыг 1940-өөд он хүртэл тэмдэглэж байсан ч
тухайн үеийн улс төр, үзэл суртлын байдлаас шалтгаалан 1990 он хүртэл нэг хэсэг
тасалдсан юм. Харин 1990 оноос Монгол Улс ардчилсан чөлөөт нийгмийн тогтолцоонд
шилжсэнээр энэхүү уламжлалт баяраа сэргээж, Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг
болон казах иргэд олноор аж төрдөг газруудад өргөнөөр тэмдэглэж байна.
Баян-Өлгийчүүдийн хувьд уг баярыг аймгийн хэмжээнд өргөн хүрээнд тэмдэглэдэг
ч баярын гол үйл ажиллагаа нь жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр Өлгий хотод
болдог. Баярын үйл ажиллагаа нээлтийн үйл ажиллагаагаар эхэлж, казахын ард түмний
зан заншил, өв уламжлал, өвөрмөц соёлыг харуулсан баярын парад, казах үндэстний
бүх төрлийн тоглоом наадгайгаар үргэлжилж, төв талбайд тусгайлан барьсан гэрт
наадамчдад "Наурыз көже" буюу Наурызын шөл амсуулдаг.
Наурызын баярын зохион байгуулалттай холбоотой асуудлаар 99423066 дугаарын утсаар нэмэлт мэдээлэл авах боломжтой.
4. Алтайн урианхайн мөсөн сур харваа
Баян-Өлгий аймаг урианхай сур харвааны амжилтаар улсдаа тэргүүлдэг билээ. Урианхай сурын харваа нь наадмаар харвах “Зуны сур харваа”, өвөл гол, нуурын мөсөн дээр харвах “Мөсний сур харваа” гэсэн хоёр төрөлтэй байдаг. Тус аймгийн хувьд урианхайн мөсөн сур харвааг өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагааны нэгэн төрөл болгож хөгжүүлж байна. Энэ жилийн Алтайн урианхайн "Мөсөн сурын харваа-2023" тэмцээнийг Баян-Өлгий аймгийн Сурын холбоо, “Эксплоур грийт Алтай” компани хамтран энэ сарын 14-ний өдөр Толбо нуурын мөсөн дээр зохион байгуулна.
Холбоо барих утас: 99428888
5. “Altai
Eagle” бүргэдчдийн баяр
"Шер-Орог-Сарал" компаниас "Altai Eagle" бүргэдчдийн тэмцээнийг жил бүрийн 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Толбо сумд зохион байгуулна. Холбогдох утас: 99110303, 94382772
6. “Nauryz Eagle” бүргэдчдийн баяр
“Шер-Орог-Сарал” компаниас “Nauryz Eagle” бүргэдчдийн тэмцээнийг Наурыз баярыг тохиолдуулан жил бүрийн 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Толбо суманд зохион байгуулна. Холбогдох утас: 99110303, 94382772
7. “Хансонар” бүргэдчдийн баяр
“Altai expedition” компаниас “Хансонар” бүргэдийн баярыг жил бүрийн 9
дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулдаг. Тухайн жилд анхны цас орсны дараа
ан амьтдын мөрөөр мөшгөж бүргэдээр ан агнахыг казахууд “Хансонар” хэмээн
нэрлэдэг. “Хансонар” баярын эхний өдөр бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан
байдал, ан агнахад сургасан байдлаа олон нийтэд танилцуулдаг. Харин дараагийн
өдөр нь тусгай хөтөлбөрөөр бүргэдийг гаршуулах үйл ажиллагаа, мөн бүргэдээр ан
бариулах үзүүлбэрүүдийг үзүүлж жуулчдад гэрэл зураг, видео бичлэг хийх боломж
олгодгоороо онцлогтой юм. Холбогдох утас: 99427003