ДАРХАН-УУЛ: Алслагдсан багийн иргэд шинэ спорт ордонтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-28 16:29:39

Дархан, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багт улсын төсвийн 941 сая төгрөг, орон нутгийн төсвийн 130 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ спорт ордон ашиглалтад орлоо.


Салхит баг нь сумын 20 гаруй километр зайтай бөгөөд хатуу хучилттай автозамаар холбогдсон, төмөр замын зангилаа төвлөрсөн баг юм. Хоёр мянга орчим хүн амтай тус багийн иргэд сургуулийн спорт зааланд чөлөөт цагаа өнгөрүүлж тэмцээн, уралдаан зохион байгуулдаг байсан аж.




Харин одоо иргэд өөрийн багтаа орчин үеийн стандартад нийцсэн, агч модон шалтай спорт ордонд бүх төрлийн тэмцээн, уралдаан үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой боллоо.




Спортын заалын нээлтэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Хонгор сумын удирдлагууд, сагсан бөмбөгийн дээд лигийн тамирчид оролцлоо.



Энэ үеэр үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн Гарьд багийн тамирчид өсвөрийн сагсчидтай нөхөрсөг тоглолт хийсэн аж.

Related news