“Хөвсгөл Эрчим”, “Натур Мед Толун” баг алтан медальд нэг алхам ойртлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-18 11:59:42

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээний медалийн төлөөх тоглолтууд “Степп Арена”-д үргэлжилж байна. Цувралд түрүүлж гурав хожсон баг алт болон хүрэл медалийн эзэн болох дүрэмтэй.


Хүрэл медалийн төлөөх тоглолтод эмэгтэйчүүдээс “Тэнүүн Огоо”, “Ховд ижил-Алтайн барс”-тай тоглож буй. Эхний тоглолтод “Алтайн барс” хожсон бол өчигдөр “Тэнүүн Огоо” өрсөлдөгчөө 3:1-ээр буулган авснаар цувралыг 1:1 болголоо. Энэ тоглолтод “Тэнүүн Огоо”-гийн импорт тоглогч Мануэл Сиерра Посада онцгой байж 36 оноо авчээ. Ингэснээр хоёр багийн хувь заяа хамгийн багадаа дөрвөн тоглолтоор шийдэгдэх болж байна.


Тэгвэл хүрлийн төлөө тоглож буй эрэгтэйчүүдээс “Хасу мегастарс”-ын залуус “Тэнүүн Огоо”-г 3:1-ээр хожсон бөгөөд багийн лидер А.Даваажаргал үүргээ сайн биелүүлж 17 оноо авчээ. Хоёр багийн цуврал 2:0 болсон ба “Хасу мегастарс” одоо ганцхан хожиход л хүрэл медалийн эзэн болно.


Харин алтан медалийн төлөөх тоглолтод “Хөвсгөл Эрчим”-ийн бүсгүйчүүд “Хилчин”-ий эсрэг тун хялбархан ялалт байгуулж, цувралыг 2:0 болголоо. Эхний цувралд Г.Цэцэгжаргал онцгой байж багаа ялалтад хүргэсэн бол хоёр дахь тоглолтод легионер тоглогч Хечаварриа 16 оноо авч бусдыгаа манлайлав. Тэд одоо нэг л хожиход өнгөрсөн жилийн аваргаа хамгаалж, алтан медаль зүүх юм.


Эрэгтэйчүүдийн тоглолтод “Натур Мед Толун” хүнд тоглолт хийсний эцэст “Говь Шанх Транс”-ыг таван сетэд 3:2-оор хожлоо. Багийн лидер Т.Хангал өчигдөр онцгой байж 32 оноогоор талбайд гарсан тоглогчдыг тэргүүлсэн байна. Ингэснээр цуврал 2:0 болсон бөгөөд нэг хожиход 2023-2024 оны улирлын аварга болох юм.

Финалын дараагийн цуврал энэ сарын 21-нд болно. 





Related news