АРХАНГАЙ: “Хүүхдийн хөгжил, хамгаалалд бидний оролцоо” жилийн нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-08 14:13:06

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2023 оны 7 дугаар тогтоолоор 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Хүүхдийн хөгжил, хамгаалалд бидний оролцоо” нэрлэсэн жилийн нээлтийг энэ сарын 7-ны өдөр хийлээ.


 

Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Цэрэннадмид “Бид “Нээлттэй Архангай” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд үндсэн гурван чиглэл гаргасны нэгдүгээрт, хүний хөгжил, хоёрдугаарт, хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйд суурилсан хөгжил, гуравдугаарт, аялал жуулчлал гэж. Архангай аймаг хүний хөгжилд маш их анхаарч ажиллаж байгаа. Хөгжсөн иргэнийг бий болгох суурь нь хүүхдийн хөгжил юм. Хүүхдийн хөгжил, хамгаалал гэдэг бол нэг аймгийн, нэг байгууллагын, нэг хүний ажил биш. Бидний асуудал учраас аймгаараа анхаарна.

Тухайлбал, бид анх удаа Хүүхдийн ордонтой болно. Хүүхэд, залуучууд руу чиглэсэн шинжлэх ухаан, инновацын төвийг аймагтаа анх удаа байгуулна. Мөн спортын ордон шинээр ашиглалтад орно. Энд хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх олон төрлийн дугуйлан секцүүдийг хичээллүүлнэ. Үүнээс гадна бид хүүхэд рүү чиглэсэн хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөсөн. Жишээ нь “Тамир” зусланг энэ жил засварлана. Хүүхдүүд бие даан сурч, хөгжих боломж бүрдэнэ. Үүнээс гадна бүх сумын Засаг дарга, холбогдох удирдлагууд “Хөдөлмөр зуслан”-г сумандаа байгуулна. Үүгээр хүүхдүүд монгол ёс заншил, ахуйн соёлоо таньж мэдэх, малчин айлд туслах зэргээр өв соёлоо мэддэг болно.

Дараагийн ээлжинд, “Аялагч хүүхдүүд” ажлыг сумын Засаг дарга нар зохион байгуулах ёстой. Энэ нь Архангай аймгийн хүүхдүүд аймагтаа байдаг түүх соёлын дурсгал, сонин содон тогтоц бүхий сайхан байгальтай гэдгээ мэдэхгүйгээр ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байна. Энэ л нутгийн хүүхдүүд учраас Архангай аймаг юугаараа алдартай, ямар ямар дурсгал, цогцолборууд байдаг, эртний төрт ямар улсууд байсан, дурсгалууд нь хаана байдаг зэргийг түүх, нийгмийн ухааны хичээлийн хувьд ч, гоо зүйн хувьд ч нутаг усаа мэддэг болж байж сургуулиа төгсдөг болох хөтөлбөрийг аймгийн Соёл урлагийн газар, БШУГ, ХГБХГ-аас санаачлан аймгийн ЗДТГ-тай хамтран бүх суманд хэрэгжүүлж, зохион байгуулна” хэмээн нээлтэд хэлсэн үгэндээ тодотголоо.  

 

“Хүүхдийн хөгжил, хамгаалалд бидний оролцоо” үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Цэрэннадмид "Архангайн хүүхдүүд" сэдвээр тоон мэдээлэл өглөө.



Мөн аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүн, 2023 оны өсвөрийн парламентын гишүүн, Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн 11в ангийн сурагч Э.Ундрах аймгийн нийт хүүхдийг төлөөлж, уриалга хүргэлээ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрхийн хэрэгжилтийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Азжаргал "Хүүхдийн эрхийн чиглэлээр баримтлах бодлого" сэдвээр мэдээлэл хүргэж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдэд танилцуулсан юм.  

Related news