ӨВӨРХАНГАЙ: Д.Энхзаяа: Иргэн нь эрүүл мэндийн зөв төлөвшилтэй, сахилга баттай байж улс орон хөгжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-01 17:24:35

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн дарга, Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Д.Энхзаяатай ярилцлаа.


-Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг нь харьяаллын хэчнээн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна вэ?

-Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг 1956 онд “Бага эмчийн салбар” нэртэйгээр анх байгуулагдаж байсан. 2003 оноос Нэгдсэн эмнэлэг болж өргөжсөн түүхтэй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээний орон нутгийн зургаан Нэгдсэн эмнэлгийн нэг болж, Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий сум, Булган аймгийн Рашаант, Архангай аймгийн Хашаат, Хотонт зэрэг сумын 28000 орчим хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.


Хархорин сум байнгын болон түр оршин суугч 15 мянга гаруй иргэнтэй. Аялал жуулчлал, газар тариалангийн бүс нутаг, баруун чиглэлийн авто зам дайран өнгөрдөг тул үйлчлүүлэгчдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Нэгдсэн эмнэлгийн амбулаториор өдөрт 250-400 иргэн үйлчлүүлж, жилд 50000 гаруй иргэн тусламж үйлчилгээ авч байна.


Манай эмнэлэг нийт 139 эмч, сувилагч мэргэжилтэн, эмнэлгийн ажилтантай. Нийт эмч мэргэжилтний 90 орчим хувь нь нарийн мэргэжил эзэмшсэнээс 30 орчим хувь нь төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байна. Мөн 40 орчим хувь нь тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. 


-Эмнэлгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгө оруулалтууд хэр хийгдэж байгаа вэ?

-Манай эмнэлэгт сүүлийн гурван жилд дөрвөн тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Чих, хамар, хоолойн иж бүрэн багаж хэрэгслээр хангаж, өдөрт дунджаар 20 хүнд төрөлжсөн тусламж,үйлчилгээг хүргэж байна. Нян судлалын лабораторийг байгуулж, жилд 900 орчим иргэн шинжилгээнд хамрагдлаа.




Хархорин суманд жилд 300 орчим эх эсэн мэнд амарждаг. Аймгийн хөрөнгө оруулалтаар эхчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх 4D эхо аппараттай болсон. 2023 оны 8 дугаар сард гэмтлийн C-Arm аппаратыг нийлүүлснээр 80 орчим хагалгааг хийгээд байна. Мөн нүдний болор суулгах, хялар засах, өөх авах зэрэг 50 гаруй мэс заслыг амжилттай хийгээд байна. ЭМЯ-ны 340 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аппараттай болж, хэвлийн хөндийн мэс заслыг амжилттай эхлүүлсэн.

УИХ-ын гишүүд, аймаг, сумын удирдлагуудын дэмжлэгээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүдээр  хангагдаж, олон төрлийн мэс заслыг нутагшуулж байна.


-100 ортой эмнэлэг барьж байна. Хэзээ ашиглалтад орох вэ?

-Улсын төсвийн 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгыг барьж байна. Одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй, 2024 ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Орчин үеийн шаардлагад нийцсэн шинэ эмнэлэгтэй болсноор сумын болоод тойргийн сумдын 40 гаруй мянган иргэн эрүүл мэндийн ээлтэй орчинд чанартай тусламж, үйлчилгээг авна. Мөн эмч, ажилчид тухтай орчинд сэтгэл ханамжтай ажиллах нөхцөл бүрдэнэ.


-Эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хэр үр дүнтэй байгаа вэ? Тойргийн хүн амын дунд ямар төрлийн өвчлөл түлхүү илэрч байна?

-2022 оны 8 дугаар сард улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулж, 10 гаруй кабинетад эрт илрүүлгийн үзлэг оношилгоог хийж байна. Одоогоор дөрвөн мянга гаруй иргэн эрт илрүүлэгт хамрагдсан байна.

Эрт илрүүлгээс болон амбулаторийн бусад үзлэгээс харахад хүн амын дунд хоол боловсруулах замын эмгэг, амьсгалын эртхэн тогтолцоо болон шээс, бэлгийн замын өвчлөлүүд их байдаг. Сумын хэмжээнд 2023 онд хорт хавдрын 35 тохиолдол бүртгэгдсэнээс 15 нь эцсийн шатанд орсон үедээ эмчид хандсан байна. Үүнээс харахад эрт илрүүлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдах нь зүйтэй юм. Харамсалтай нь иргэд маань эрт илрүүлэгт хойрго хандаж, идэвх муутай оролцож байна.


Эрүүл хүн бол улс орны хөгжлийн үндэс байдаг. Хүн амыг эрүүл байлгая гэвэл цэцэрлэгийн наснаас нь эхлээд амьдралын зөв дадал хэвшилд сургах хэрэгтэй. Иргэн нь эрүүл мэндийн зөв төлөвшилтэй, сахилга баттай байх юм бол улс орон нь хүчирхэгждэг гэдгийг тэргүүлэгч улс орнуудын жишээнээс харж болно.

Эрүүл мэнддээ хайхрамжгүй, хариуцлагагүй хандсанаар тухайн айл өрх өсөж дэвжихгүй, цаашлаад улс орон нь ч хөгжихгүй. Өвдөхийн хэрээр үргүй зардал их гардаг шүү дээ. Тэгэхээр хүн амын эрүүл мэндийн боловсролд түлхүү анхаарах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах нь чухал гэдэг ойлголтыг маш сайн төлөвшүүлэх хэрэгтэй.   


-Та эмч мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би 1997 онд АУИС-ийг хүний их эмчээр төгссөн. Хөдөө төрж өссөн болохоор хөдөө л ажиллах хүсэлтэй байсан. Ингээд Бүрд сумаас ажлын гараагаа эхлүүлэн гавьяат Д.Даажамба эмчийнхээ удирдлага дор 1 жил орчим ажиллаж байлаа. Дараа нь эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшиж, энэ ажилдаа 19 жил сэтгэл зүрхээ зориулан ар гэртээ анхаарах завгүйгээр зүтгэсээн. Олон мундаг эмч, эх баригчидтай нэг баг болж, тэднээсээ их зүйлийг суралцаж, сайн удирдлага, зохион байгуулалт, сайн менежменттэйгээр ажиллаж ирсэндээ баяртай байдаг. Би эрүүл мэндийн салбарт 26 жил ажиллаж байна.


-Эмч дотроо “Хүйн ээж” хамгийн хүндэтгэлтэй нь болов уу. Та хэдэн хүүхэд эх барьж авсан бэ?

-Монголчууд дээр үеэс л хүйн ээжийг хүндэтгэж ирсэн. Миний аав, ээж намайг багад хэлэхдээ, “Хүйн ээждээ золго” гээд богцонд юм хийгээд явуулдаг байсан гэж ахмад хүмүүс ярьдаг шүү дээ. Миний эх барьж авсан хүүхдийн тоо 4000 дөхөж байгаа байх. Орон нутагт олон жил ажиллах сайхан, эх барьж авсан хүүхдүүд, биеийн байдал нь хүнд ирээд эмчлүүлсэн ээжүүд инээмсэглэн уулзах, “Баярлаж явдаг шүү эмчээ” гэх талархлаас л хамгийн сайхан мэдрэмж, эрч хүчийг авдаг даа.

-Ярилцсанд баярлалаа.  

 

Related news