БУЛГАН: Соёлын биет өвийг таниулах явган аялал зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-22 08:57:34

Булган, 2024 оны төвдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдрөөр "Музей боловсрол, судалгааны төлөө" уриатай соёлын биет өвийг таниулах явган аяллыг ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.



Сурагчид Булган аймгийн Орон нутаг судлах музейгээс эхлээд Чин Ван Ханддоржийн хөшөө, Дөрвөн аваргын хөшөө, Баатруудын хөшөө, Дуулгат бунхан, Диваажингийн сүм, Цогт Хунтайжийн талбай гэсэн өртөөчилсөн маршрутаар аялан, өөрийн амьдарч буй нутаг орныхоо соёлын биет өвүүдтэй танилцаж, танин мэдэхүйн АХА, Эрдэнэсийн эрэлд, Хөгжөөнт буухиа гэсэн тэмцээнүүдийг зохион байгуулснаар сурагчид нэг өдрийг дурсамж дүүрэн, өв соёлоо мэдэрч, хөгжилтэй, мартагдахааргүй өнгөрөөлөө.


Танин мэдэхүйн АХА, эрдэнэсийн эрэлд, хөгжөөнт буухиа гэсэн тэмцээнүүдийг 75 хүүхдийн дунд зохион байгуулснаас АХА тэмцээнд 8А ангийн О.Зулцэцэг тэргүүн байр, Б.Сувд-Эрдэнэ дэд байр эзэлж өргөмжлөл, дурсгалын зүйл, Эрдэнэсийн эрэлд тэмцээнд Ц.Дүүрэнбилэг тэргүүн байр эзэлж, Б.Сувд-Эрдэнэ удаах байрт орлоо. Хөгжөөнт буухиа тэмцээнд авхаалж самбаа, хурд хүчээ уралдуулан оролцсон сурагчдыг виртуал музей үзэх эрхээр шагналаа.



Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд аймгийн Төв номын сантай хамтран хуучны ном, сэтгүүл, альбомоор үзэсгэлэн дэглэн, виртуал музейгээр Булган аймгийн түүхийн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзүүллээ.


Орон нутаг судлах музейн хамт олон түүхэн ойгоо угтаж дараах ажлуудыг хийсэн байна.

"Булган аймгийн нутаг дэвсгэрт Ардын хувьсгалтай холбогдох газар усны нэрийн тайлбар", "Аймгийн музейн түүх" зэрэг судалгааны ажлын үр дүнг нэгтгэн хэлэлцүүлж, хэвлэлтэд орууллаа.

Музейгээр үйлчлүүлж буй иргэдэд монголчуудын уламжлалт тооно туших, жирмэн сүлжээ, уяа, зангилаа зэргийг сурах практик сургалтыг явууллаа.


"Музейн цахимжилт" боловсролын хөтөлбөрийн хүрээнд ахлах, дунд ангийн сурагчдад музейн үзмэрүүдэд нэвтрүүлж буй AR болон VR-ийг сурталчлан таниулах, мэдлэг мэдээлэл олгох, практик хичээл явуулсан нь маш сонирхолтой боллоо. Хүүхдүүд цаашид ямар ч музейд очоод үзмэртэй танилцах анхан шатны чадвар эзэмшсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв.


Related news