ТӨВ: Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн явуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-03 17:17:26

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Төв аймаг Улаанбаатар хот хоорондын зорчигч тээвэр, нийтийн болон захиалгат такси гэсэн хоёр төрлөөр 6 дугаар сарын 1-ний өдрөөс үйлчлэхээр болов.

 


Төв аймгийн Авто тээврийн газрын дарга Н.Аасүрэнгээс тодруулахад, Хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд доголдож байсан.

 

Авто тээврийн үндэсний төвд бид удаа дараа хүсэлт гаргасны дагуу зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Чандмань хурд” хоршоо, захиалгат такси үйлчилгээ эрхлэгч “Алтан жолоо” хоршооны удирдлагуудтай уулзаж зорчигч тээврийг зохицуулахаар боллоо.

 

Зуунмод – Улаанбаатар- Зуунмод чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг бага оврын автобусаар Зуунмод сумын Автотээврийн буудлаас Улаанбаатар хотын Драгон авто вокзал чиглэлд 9:00-20:00 цаг хүртэл, захиалгат такси үйлчилгээг 6:00-23:00 цаг хүртэл зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн Тэнгэр худалдааны төв, баруун чиглэлд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо буюу Эрэл чиглэлд явуулахаар урьдчилсан тов тогтоолоо.


Мөн Зуунмод хотын доторх такси үйлчилгээнд шинэ стандарт бүхий UB Cab үйлчилгээг нэвтрүүлэн, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар судалж байна.

 

Албан ёсны зөвшөөрөлтэй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хууль, дүрэм журмын дагуу эхлүүлснээр иргэдийн аюулгүй, тав тухтай, хурдан шуурхай зорчих боломж нөхцөл бүрдэж байна” гэв



Related news