Хөнгөн атлетикийн тамирчид наймдугаар сарын 8-нд Парисыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид “Парис-2024” Олимпын наадамд өрсөлдөх гурван эрх авсан билээ.
Тодруулбал, марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд МУГТ Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар Олимпын эрх авсан бөгөөд өдгөө тус тусын бэлтгэлээ базааж байна.
Тэдний төлөөллийг Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзав. Энэ үеэр удирдлагууд “Монгол Улсад “Парис-2024” наадамд өрсөлдөх эрх авсанд баяр хүргэе. Дэлхийн шилдэг тамирчидтай эн тэнцүүхэн өрсөлдөж байгаа нь Олимпод амжилт үзүүлэх бүрэн боломжтойг харуулж буй хэрэг. Сэтгэл зүйн болон хувийн бэлтгэлээ сайн хангаарай” хэмээн захив.
Эрх авсан гурван тамирчнаас олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд бэлтгэлээ базааж байгаа юм. Харин Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан нар дасгалжуулагч Б.Оюунтуяагийн удирдлагад Японд бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.
Монголын хөнгөн атлетикийн тамирчид ирэх наймдугаар сарын 8-нд Парисыг зорино. Харин тэмцээний хувьд наймдугаар сарын 10-нд эмэгтэйчүүд, 11-нд эрэгтэйчүүд уралдах юм. Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тэмцээн болсноор зуны Олимп хөшгөө хаадаг уламжлалтай билээ.