ТӨВ: Оны шилдэг гэр бүлүүдийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-19 16:56:09

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас гурав дахь жилдээ “Оны шилдэг гэр бүл”-ийг шалгаруулна. 


Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын мэргэжилтэн М.Анхчимэгээс тодруулахад, “Энэхүү шалгаруулалт нь авьяаслаг гэр бүл, спортлог гэр бүл, хөдөлмөрч гэр бүл, өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл, хүмүүнлэг гэр бүл гэсэн нийт 5 төрлөөр болно. Төрөл тус бүрээс хоёр гэр бүл шалгаруулах зарчмаар явуулна.


Төв аймгийн 27 сумаас материалыг 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл харьяа баг, сумандаа гэр бүлийн зурагжуулсан танилцуулга, тодорхойлолтоо хүлээлгэн өгөх юм. Ингэж Төв аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газарт сумдаас албан тоотоор баталгаажиж ирснээр шилдэг гэр бүлээ шалгаруулна.


Тус шалгаруулалтыг нийгмийн анхдагч орчин, нэгж болох гэр бүлийн гишүүдийн харилцаа, үүрэг хариуцлага, үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөгжих, бие биенээ харилцан хүндэтгэх, эерэг уур амьсгалтай, эрүүл нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулсан шилдэг гэр бүлүүдийг сурталчлах, алдаршуулах зорилготой юм. Ийнхүү Шилдэг гэр бүлийг шалгаруулдаг болсноор иргэдийн идэвх оролцоо нэмэгдэж байна гэж харж байна" гэв.

 

Related news