Тэргүүний уншигч А.Алтанхүү: Хонины бэлчээрт ном унших нь илүү тухтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны нэгдүгээр сарын 14. /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын сангийн 2024 оны Тэргүүний уншигч, Д.Нацагдорж тэмдэгтэн Булган сумын нэгдүгээр багийн малчин А.Алтанхүүтэй уулзаж ярилцлаа.
-Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Тодка Самсон зохиолчийн “Тэгри чину” романыг уншиж байна. Энэ номд Монголын түүх өвөг дээдсийн отог омгийн амьдралыг бодит биш ч гэсэн бас иймэрхүү байсан болов уу гэсэн төсөөллийн аргаар бичсэн нь их сайхан санагдаж байгаа.
-Та амьдралынхаа хугацаанд хэдэн ном уншсан бэ зонхилон ямар ном уншдаг вэ?
-Би 3-р ангид байхдаа “Номын сайн нөхөр” болж байсан түүнээс хойш тасралтгүй уншиж байгаа боловч тоолж үзээгүй юм байна. Харин энэ жил Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн болсондоо их баяртай байгаа. Би багцаагаар жилд 60 орчим ном уншдаг, он гарсаар 10 гаруй ном уншаад байна. Малчид бидэнд унших боломж улирлын чанартай байдаг. Өвөл, хавар нь илүү их уншина.
-Та хэдэн настайгаасаа ном уншсан бэ? Хэн таныг номд дурлуулсан бэ?
-Би 2-р ангийн сурагч байхаасаа л энэ номын сангийн босгыг элээсэн. Миний эгч монгол хэл, уран зохиолын багш хүн, тэр их ном уншдаг түүнийг даган дуурайсан байх.
-Таны бодлоор сайн ном гэж ямар номыг хэлэх вэ?
-Түүх, уран зохиолын номууд л их сайхан санагддаг даа. Уншсан ном бүрээсээ л өөрөө хэрэгтэй зүйлээ авч чадвал тэр нь сайн ном. Их олон хүнд, их олон сайн зүйл өгдөг номыг илүү сайн ном гэх байх даа.
-Манай аймгийн номын сан малчин таны унших хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж чаддаг уу?
-Маш сайн хангаж ажилладаг.
-Шинэ номын сантай болж буй энэ өдөр таны сэтгэгдэл?
-Би маш их баяртай байна. Би өөрөө ийм сайхан юмтай болсон юм шиг их баярлаж байна. Нэг сайхан дуулчихмаар ч юм шиг….
-Сайн уншигч байх нь таны амьдралын чанарт нөлөөлсөн үү?
-Нөлөөлсөн. Би номыг тасралтгүй уншиж байгаа болохоор миний амьдрал өдөр бүр чанаржиж, өөрөө бага багаар ухаан сууж, гэр бүлээрээ илүү хөдөлмөрч, бүтээлч өр зөөлөн зөв төлөвшиж байгаа юм болов уу гэж боддог.
-Номыг хаана уншвал илүү тухтай байдаг вэ?
-Хонины бэлчээрт л илүү сайхан даа.
-Таны ном унших хандлага хүүхдүүдэд нөлөөлж байна уу?
-Нөлөөлж байгаа одоо ер нь гэрээрээ л номд дуртай болсон. Би мөнгөтэй л байвал ном авчихдаг одоо гэртээ хэдэн хайрцаг номтой, нэг сайхан байшин барьж байгаад номын сантай болно доо гэж мөрөөддөг.
-Таны уншихаар төлөвлөж буй ямар ном байгаа вэ?
-Би “Монте Кристо гүн” номыг ахин нэг уншмаар санагддаг. Зохиолын баатар Эдмон Дантесын амьдралын маш хэцүү нөхцөлөөс босож буй тэмцлээс бодож суралцах юм их байгаа санагддаг.
-Ярилцсан танд баярлалаа.