Тусгай олимпоос А.Алтан-Очир хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Италийн Турин хотноо хөшгөө нээсэн өвлийн Тусгай олимпоос Монголын баг тамирчид анхны медалиа хүртлээ.
Тодруулбал, снөүбордын жиант слалом төрөлд А.Алтан-Очир хүрэл медалиар энгэрээ мялааснаар монголчуудын медалийн салхийг хагалсан бол М.Энхзаяа шагналт IV байрт шалгарчээ. Тэд дахин хоёр төрөлд өрсөлдөх аж. Турины наадамд манай улсаас спортын зургаан төрөлд 24 тамирчнаа илгээсэн. Манай тамирчдын тэмцээн албан ёсоор өчигдөр эхэлсэн юм.
А.Алтан-Очир Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын Монголын баг тамирчдын ес дэх медальтан, гурав дахь хүрэл медалийг хүртэж байна. Өмнө нь 2017 онд Австрид болсон наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байлаа. Өдгөө 15 настай А.Алтан-Очир нь Налайх дүүрэгт амьдардаг, снөүбордын спортоор хичээллээд хоёр дахь жилдээ болж буй бөгөөд түүний спорт дахь анхны медаль энэ юм.
Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг тусгай олимпын наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагч, 500 хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч болон 1300 гаруй хүндэт зочин урилгаар оролцож байгаа юм.