МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалыг Зүүн Азийн супер лигийн Зөвлөх зөвлөлийн гишүүнээр сонгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-12 14:17:44

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Азийн хамгийн том лигүүдийн аварга багуудын нэгтгэсэн Зүүн Азийн супер лигт МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025 оны аварга баг оролцохоор болсон. Тэгвэл Макаод энэ улирлын аваргын тоглолт болж 2025 оны Зүүн Азийн супер лигийн аварга багаар Японы “Хирошима Драгонфлайрс” тодорчээ.


Финалын тоглолтын үеэр Азийн сагсан бөмбөгийн чуулга уулзалтыг зохион байгуулсан бөгөөд МСБХ-ны төлөөлөгчид чуулгад урилгаар оролцсон байна.


Энэ үеэр Зүүн Азийн лигийн Зөвлөх зөвлөлийн хурал болж, Монгол Улсыг төлөөлж МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалыг гишүүнээр сонгожээ. Ингэснээр олон улсын лигийн тэмцээний зөвлөлд Монгол Улсаас төлөөлөгч ажиллаж буй анхны тохиолдол боллоо.


Манай дээд лигийн 2025 оны аварга баг Зүүн Азийн супер лигийн 2025-2026 оны улиралд БНСУ-ын лигийн аварга баг, Филиппиний PBA лигийн дэд аварга, Японы “B” лигийн “Хирошима Драгонфлайрс” нэг хэсэгт орох юм. Энэ хүрээнд дээрх шилдэг багууд Монголд тоглох бөгөөд манай сагсан бөмбөг сонирхогчид Азийн топ багуудын тоглолтыг эх орондоо үзэх боломжтой болж байна. Түүнчлэн Японы лигийн төлөөлөгчид Монголоос тоглогч авах сонирхолтой байгаагаа илэрхийлснээр хоёр тал хамтран ажиллахаар болжээ.






Related news