Спорт алхааны тамирчид шинэ зайд уралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-12-17 16:55:36

БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Xinhua/. Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо 2026 онд спорт алхааны тэмцээнд хагас марафон болон марафоны зайг нэвтрүүлнэ гэж тус холбооны тэргүүн Себастьян Коу мягмар гарагт мэдэгджээ. Ингэснээр хөгжөөн дэмжигчдийн хувьд энэ спортын хурдыг илүү сайн мэдрэхэд тус дөхөм болох ажээ.


Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 12-нд болох спорт алхааны багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарьт уламжлалт 20 км-ийн зайг хагас марафоны зайгаар сольж, 35 км-ийн зайг марафоны зай болгон өөрчлөхөөр болжээ. Энэ нь олон улсын томоохон тэмцээнүүдэд шинэ зайг нэвтрүүлж буй анхны тохиолдол болж байна.


“Эдгээр зайг хүмүүсийн үзэж дассан зай болгон өөрчлөх нь зөв шийдвэр гэж би хувьдаа бодож байна. Манай спорт алхааны тамирчид хэр авьяаслаг, хэр хурдан болохыг үл анзаарах хандлага бий” гэж С.Коу цахим хурлын үеэр хэлжээ. Түүнчлэн тэрбээр шинэ зайнуудыг удаан хугацаанд хэвшүүлэн хэрэгжүүлнэ гэдэг найдаж байгаагаа илэрхийлээд, тэдгээр нь Олимпын хөтөлбөрт нийцнэ гэдгийг тэмдэглэсэн байна.


Сүүлийн арван жилд спорт алхаанд хэд хэдэн өөрчлөлт хийжээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 50 км-ийн тэмцээнийг 2017, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ эрэгтэйчүүдийн 50 км болон 20 км-ийн аль алиных нь төрөлтэй хамт анх удаа нэвтрүүлсэн боловч 50 км-ийн хоёр уралдааныг Олимпоос өмнө хасаж, 2022 онд Орегон хотод болсон ДАШТ-ий 35 км-ийн төрлөөр сольсон байна.


Эрэгтэйчүүдийн 50 км-ийн тэмцээнийг мөн 2024 оны Парисын Олимпоос хасаж, холимог буухиа гүйлтийг сонгожээ. Энэ оны дөрөвдүгээр сард Олон улсын Олимпын хороо 2028 оны Лос-Анжелесын наадмын хөнгөн атлетикийн хуваарийг гаргахдаа хагас марафоныг эрэгтэй, эмэгтэй алхааны цорын ганц зайгаар баталгаажуулсан байна.

 


Related news