Салахын гоол Египетийн шигшээд хожил авчирлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-12-23 09:47:11

РАБАТ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /TASS/. Мароккод болж буй Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтод Египетийн хөл бөмбөгийн шигшээ баг Зимбабвегийн багийг 2:1-ээр хожлоо. 


Египетийн багаас Омар Мармуш (64 дахь минут), Мохаммед Салах (90+1) гоол оруулсан бол Зимбабвегийн багийн гоолыг довтлогч Принс Дубе (20) хийжээ. 


Египет, Зимбабвегийн шигшээ багууд B хэсэгт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс болон Анголын багуудтай өрсөлдөж байна. Эхний тойрогт Өмнөд Африкийн баг 2:1-ээр анголчуудыг хожжээ. Дараагийн тойрогт Египетийн шигшээ баг Өмнөд Африкийн багтай, Зимбабвегийн баг Анголтай тоглоно. Хоёр тоглолт 12 дугаар сарын 26-нд болно.


Египетийн шигшээ баг Африкийн цомын тэмцээний 7 удаагийн аварга бөгөөд 1957, 1959, 1986, 1998, 2006, 2008, 2010 онуудад цомыг хүртэж байжээ. Харин Зимбабвеийн шигшээ баг тэмцээнийг хэсгийн шатнаас цааш шалгарч байгаагүй юм.



Related news