"Болонья" анх удаагаа Италийн Супер цомын финалд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-20 11:48:38

МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /ТАСС/. Саудын Арабад болсон Италийн Супер цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод “Болонья” баг “Интер”-ийг буулган авснаар финалд шалгарлаа.


Тоглолтын үндсэн цаг 1:1 харьцаагаар өндөрлөсний дараа 11 м-ийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад “Болонья” багийн хөлбөмбөгчид 3:2 харьцаагаар давамгайлав. Тоглолтын үндсэн цагт “Интер”-ийн Маркус Тюрам 2 дахь минутанд гоол оруулсан бол “Болонья”-гийн Рикардо Орсолини 35 дахь минутанд торгуулийн цохилтоор хариу гоолыг хийлээ.


“Интер” баг өнгөрсөн онд Италийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол “Болонья” баг Италийн цомын эзнээр шалгарсан юм.


Нөгөө хагас шигшээ тоглолтод Италийн аварга “Наполи” баг “Милан”-ыг 2:0 харьцаагаар хожсоноор даваа гарагт “Болонья”-тай Супер цомын төлөө өрсөлдөнө.


Өнгөрсөн онд Италийн Супер цомын эзнээр “Милан” баг шалгарсан бөгөөд финалд “Интер”-ийг 3:2 харьцаагаар хожсон юм. Уг цомыг хамгийн олон удаа буюу 9 удаа хүртсэн баг бол Турины “Ювентус” юм. Харин “Болонья” баг анх удаагаа финалд шалгарч байна. 

Related news