К.Мбаппе Роналдугийн амжилтыг давтлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-21 10:15:15

МАДРИД, 2025 оны арванхоёрдугаар сарын 21. /ТАСС/. Испанийн “Реал” багт тоглож буй Францын довтлогч Килиан Мбаппе хуанлийн нэг жилийн хугацаанд тус клубт тоглохдоо оруулсан гоолын тоогоор алдарт Криштиану Роналдугийн тогтоосон дээд амжилтыг давтлаа.


Роналду “Реал”-д тоглож байхдаа 2013 онд 59 гоол оруулсан бол Мбаппе 12 жилийн дараа уг амжилтад хүрч байна.


Өчигдөр болсон Испанийн аварга шалгаруулах тэмцээний 17 дахь тойргийн тоглолтын 86 дахь минутад К.Мбаппе 11 м-ийн торгуулийн цохилтоор гоол оруулсан байна. Мөн Жуд Беллингем 38 дахь минутад гоолдсоноор реалчууд “Севилья” багийг 2:0 харьцаагаар хожжээ.


Ингэснээр 42 оноотой болсон “Реал” баг Испанийн аварга шалгаруулах тэмцээний хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж эхэлсэн бөгөөд тэргүүлэгч “Барселона”-гаас нэг оноогоор дутуу байна. Он дуустал “Реал” ямар ч тоглолт хийхгүй бөгөөд нэгдүгээр сарын 4-нд талбайдаа “Бетис” багийг хүлээн авна.


Өчигдөр Мбаппегийн 27 насны ой тохиосон байна. Тэрбээр 2024 оны зургаадугаар сарын 3-нд чөлөөт агентын хувиар “Реал”-тай гэрээ байгуулсан юм. Мбаппе 2018-2024 онд ПСЖ багт тоглосон бөгөөд тус клубийн түүхэн дэх шилдэг довтлогч болсон байна. Энэ хугацаанд Францын аваргаар 5 удаа, Францын цом ба Супер цомын эзнээр тус бүр 3 удаа шалгарч, Лигийн цомд хоёр удаа түрүүлжээ. Харин Францын шигшээгийн бүрэлдэхүүнд 2018 оны дэлхийн аварга болж, 2022 онд ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн билээ. 

Related news