“Интер Майами” клуб Л.Суарестай гэрээгээ сунгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Xinhua/. “Интер Майами” клуб Уругвайн ахмад довтлогч Луис Суарестай байгуулсан гэрээгээ дахин нэг улирлаар сунгалаа гэж Хойд Америкийн хөл бөмбөгийн MLS лигийн клуб лхагва гарагт мэдэгджээ.
Л.Суарес
2024 оны нэгдүгээр сард Майами багт шилжин ирснээсээ хойш 87
тоглолтод 42 гоол оруулж, 29 удаа оновчтой дамжуулсан байна. Өмнөх гэрээ нь 12
дугаар сарын 31-нд дуусах ёстой байсан 38 настай тоглогч 2025 онд 50 тоглолтод
оролцож, 17 гоол оруулж, клубээ MLS лигийн аваргын цомыг анх удаа өргөхөд нь
хувь нэмрээ оруулсан юм.
“Интер Майами” баг домогт довтлогч Луис Суарестай 2026 оны хөл
бөмбөгийн тэргүүн лигийн улирлын турш үргэлжлэх шинэ гэрээ байгууллаа. Манай
баг дорнод бүсийн аварга багаар тодорч, MLS-ийн цомыг хүртэхэд түүний асар их
туршлага, манлайлал чухал үүрэг гүйцэтгэсэн билээ” гэж Флоридагийн клубийн цахим
хуудсанд гаргасан мэдэгдэлд дурджээ.
Л.Суарес 20 жилийн турш үргэлжилж буй мэргэжлийн хөлбөмбөгчний
замналынхаа хугацаанд “Аякс”, “Ливерпүүл”, “Барселона”, “Атлетико Мадрид” зэрэг
клубүүдэд хүчин зүтгэж байсан юм. Мөн Уругвайн бүх цаг үеийн хамгийн шилдэг мэргэн бууч тэрбээр олон улсын 143 тоглолтод 69 гоол оруулжээ.