ОРХОН: Аймгийн ИТХ-ын хуралдаан 12 дугаар сарын 24-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдааныг 12 дугаар сарын 24-ний өдөр цахим, танхим хосолсон хэлбэрээр зарлан хуралдуулахаар тов тогтлоо.
Хуралдаанаар Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай, “Нийтлэг үйлчилгээний алба” УТҮГ-ын дүрэм, орон тоо, цалин хөлсний нийтлэг жишгийг шинэчлэн батлах тухай, аймгийн ИТХ-ын 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03/31 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явц байдлын тухай болон тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр бэлтгэл хангахыг үүрэг болголоо.
“Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д нийцүүлэн “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн найман бүлгийн хүрээнд боловсруулжээ.
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тусаагүй цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн архивын баримтын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, аймгийн сургууль, цэцэрлэгийн ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг зорилтыг Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нэмж тусгасан гэдгийг Зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Таван жилийн үндсэн чиглэлийг энэ сарын 24-нд хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит бус есдүгээр хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлах юм.
Мөн хуралдаанд Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой бэлтгэл хангах ажлын хэсгийн мэдээллийг мөн сонсох юм.


