ОРХОН: 2026 онд 224 тэрбум төгрөгөөр 174 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны арванхоёрдугаар сарын 23/МОНЦАМЭ/. Орхон аймаг 2026 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 224.1 тэрбум төгрөгийн 174 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг 2026 оны 5 дугаар сарын 31-ний дотор бүрэн дуусгах ёстой тул зураг төсөв, техникийн тодорхойлолт ажлын даалгаврыг хугацаанд нь ирүүлэхийг холбогдох хэлтэс, Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр агентлагуудад үүрэг болголоо.
Хуулийн хугацаанд багтаах зорилгоор энэ сарын 15-наас 2026 оны тендерүүдийг зарлаж эхэлсэн, өнөөдрийн байдлаар бичиг баримтын бүрдэл хангасан 3 ажлын тендер зарлагдсан байна.
Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, чанаргүй ажил гүйцэтгэсэн компаниудыг 2026 онд сонгон шалгаруулахгүй гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлж, хариуцлагагүй компаниудын мэдээллийг Худалдан авах ажиллагааны газраас Үнэлгээний хороодын дарга, нарийн бичгүүдэд ч хүргүүлжээ.
Үүнтэй холбоотой мөн өмнөх гэрээний захиалагч ашиглагчийн тодорхойлолтыг үнэн зөв гаргаж өгөхийг төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудад үүрэг болголоо.
Тендерийн сонгон шалгаруулалтыг ил тод, хараат бусаар явуулах үнэлгээний хорооны хурлын танхимд камер, дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулсан нь 21 аймгаас анхдагч ажил боллоо.
Иргэд болон ААН-үүд орон нутагт зарлагдаж буй худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл, урилга, сонгон шалгаруулалт, шалгарсан ААНБ-ын мэдээлэл, сар,улирал, жилээр гаргасан тайлан зэргийг www.khaag.erdenet.mn, www.shilendans.gov.mn, www.tender.gov.mn, вэб сайтаас авах боломжтой.