СҮХБААТАР: ОБГ-ын аврагчид гурван иргэний амь, 1,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-25 16:58:58

Баруун-Урт 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын газар 2025 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ аймгийн хэмжээнд гамшиг осол, аюулт үзэгдлийн 86 удаагийн дуудлагаар ажиллаж гурван хүний амийг аварчээ. Мөн төр, иргэн, хуулийн этгээдийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалсан байна.

 

Тус хамт олон 2025 оны ажлаа дүгнэж, аймгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар, алба хаагчдын гэр бүлийн төлөөлөлд үйл ажиллагаагаа танилцууллаа. Мөн ажил үйлсээрээ манлайлж, хамт олноо хошуучлан идэвх санаачилгатай ажилласан “Оны шилдэг“ алба хаагчид, хамт олноо шалгаруулж, шагнал гардуулах тайлангийн өдөрлөгийг зохион байгуулав.


 

ОБГ-ын дарга, хурандаа Б.Анхбар, "Манай хамт олон энэ онд төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ улс, бүсийн хэмжээний томоохон ажил, үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн онцлог жил байлаа. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар гамшгаас хамгаалах команд штабын сургууль, Гал унтраах техникийн олон төрөлт спортын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, гал түймэр унтраах салаан захирагч нарын зүүн бүсийн сургалтыг зохион байгуулж, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймагт гарсан ой хээрийн түймэрт алба хаагчид маань нэмэлт хүч үзүүлж ажилласан" гэв.

  

Гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу 2025 онд хийж хэрэгжүүлсэн үндсэн үүрэгт ажлаас гадна Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад тус хамт олон идэвх санаачилгатай ажиллажээ.

 

Түмэнцогт сумын мод үржүүлгийн талбайд 3000 ширхэг улиас, гүйлс 250, хайлаас 240, үхрийн нүд 50, агуулахын хашаанд 100 ширхэг хайлаасын үрсэлгээ, 100 ширхэг чацарганын модыг шинээр тарьжээ. Энэ онд ОБГ-ын хэмжээнд нийт 3540 модыг тарьсан бөгөөд үүнд 2,2 сая төгрөгийг зарцуулсан байна.  


 

Үүнээс гадна алба хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор БНСУ, БНХАУ, Филиппин улсад гурван алба хаагчийг богино болон дунд хугацааны сургалтад хамруулсан бол хоёр алба хаагч НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцсон байна.

 

 

Related news