БАЯН-ӨЛГИЙ: Төгсөлтийн баярын үеийн аюулгүй байдлыг хангах чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Е.Зангар сургуулийн төгсөлтийн үеэр хүүхэд, залуусын аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах талаар холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өглөө.
Тодруулбал, төгсөлтийн баяр нэрийдлээр сурагчид аялал, зугаалга
зохион байгуулж, жолооны эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох
тохиолдол нэмэгдэж байгааг анхаарууллаа. Энэ үеэр хүүхдүүд зам тээврийн осол,
эрсдэлд өртөх өндөр магадлалтай тул урьдчилан сэргийлэх ажлыг чангатгахыг үүрэг
болголоо.
Мөн энэ асуудалтай холбогдуулан аймгийн Цагдаагийн газрын дарга,
хурандаа Б.Наранбаатарт үүрэг өгч, насанд хүрээгүй хүүхдэд тээврийн хэрэгсэл
жолоодох боломж олгосон, жолоог шилжүүлсэн эцэг эх, асран хамгаалагчдад хуулийн
дагуу хариуцлага тооцож өндөр сэрэмжтэй ажиллахыг онцгойлон
анхаарууллаа.
Түүнчлэн төгсөлтийн баярын үеэр багшдаа бэлэг өгөх, нийллэг,
зугаалга хийх нэрийдлээр их хэмжээний мөнгө төвлөрүүлэх, иргэдэд санхүүгийн
дарамт учруулах асуудал гарч байгааг мөн онцолж, ийм төрлийн үйл ажиллагааг
таслан зогсоох, хяналт тавьж ажиллахыг Боловсролын газрын дарга Р.Серикболд
сануулж,
иймэрхүү үйлдлийг таслан зогсоох, хориглох чиглэл өглөө.