Хоёр сая толгой мал тоолуулах урьдчилсан тооцоотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 12:04:26

Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Н.Санатбек улс, орон нутгийн эдийн засгийн байдлын талаар нийтэд хандаж мэдээлэл өглөө.

Тэр ярихдаа, Дэлхий нийтэд 2014 оноос эхэлсэн хямралтай холбоотой бууралт байна. Энэ бол тав, арван жил тутам давтагдаад байдаг үзэгдэл. Манайд бий болсон хүндрэл хөрш орнуудын байдлаас голцуу шалтгаалж байна. Орос, Хятад орнууд шийдвэртэй арга хэмжээ авч байна. Хямрал 2016 оноос намдана. Манайд мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ буурсан, зарим бараа таваарын үнэ ханш өссөн явдал бий. Гэхдээ малчдын аж байдал хүндрээгүй. Оны эцсээр аймаг хоёр сая толгой мал тоолуулна гэсэн урьдчилсан тооцоо бий. Мал, газар тариалан эрхэлдэг буюу хувиараа аж ахуй эрхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өргөн хэрэгцээний бара бүтээгдэхүүнээр хэзээ ч гачигдахгүй. Цалин, тэтгэвэр тэтгэмж тасралтгүй олгогдсоор байх болно. Уут гурилын үнэ наймдугаар сараас эхлэн 55 мянга болж нэмэгдсэн ч бодитой арга хэмжээ авагдсанаар одоо 43-45 мянга болтол буурлаа. Гурил оруулж ирэх эрх авсан арван компани ажиллаж байна. Хөрөнгө оруулалтаар хийгдэнэ гэж тооцоологдсон ажлууд амжилттай хэрэгжиж байна. Сагсай, Алтай сумдын сургуулийн дотуур байрны барилга гүйцэтгэгчдийн хариуцлагаас шалтгаалан хойшлогдлоо, ирэх оноос үргэлжлэх болно. Ирэх оны аймгийн төсвийг өнгөрсөн оныхоос дутуугүй төлөвлөсөн. Эцсийн хувь заяаг нь УИХ шийднэ. Манай иргэд алдагдалгүй, арвилан хэмнэлттэй ажиллах, жижиг үйлдвэрлэлийг хэлбэрэлтгүй хөгжүүлэх, хэрэглээгээ өөрсдөө хангах, ашигт малтмалын үйлдвэрлэлийг оновчтой авч явах чиглэлийг баримтлах шаардлага бидний өмнө тулгараад байна гэв.     

Ш.Айзаря

Related news