Өөрийн гэсэн утга хүндэтгэлтэй арав гаруй хөшөө Мандалговьд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-23 15:34:02

Дундговь аймгийн төвд арав гаруй хөшөө бий. Хөшөө ихтэй, хөгжил багатай гэж зарим нэгэн шүүмжлэн хардаг ч гэлээ бахархаж, биширч хүндэтгэн дээдэлдэг зүйлээ хөшөө дурсгалд мөнхлөн үлдээж ирсэн заншлаар эдгээр хөшөө өөр өөрийн утга хүндэтгэлийг агуулан сүндэрлэсэн юм.

Мандалговийн хоймор дахь Бор овоон дээр 7.5 м өндөр морин хуурийг 2007 онд соёл амралтын хүрээлэнг бүтээн байгуулах үеэр сүндэрлүүлсэн байдаг. Дундговь аймгийн нэрийн өмнө “Дуу хуурын өлгий” хэмээх хүндэтгэл бий. Дуу хуурын өлгий нутгийн билэгдэл болгож энэ морин хуурыг аймгийн ИТХ- ын захиалгаар уран сийлбэрч Ө. Анхбаяр, дархан Л. Цогзол нар бүтээсэн байна.

Мөн Соёл амралтын хүрээлэнд хүрлээр урласан морины хөшөө бий. “Хөхөө Намжил”- ын домгоос сэдэвлэн морийг далавчтай урласан боловч энэ бол Дундговь аймгийн сүлдийг илэрхийлсэн гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг. Морины далавчны  15 салаагаар 15 сумыг төлөөлүүлсэн утгатай. Нуруун дээрээ чандманалсан 3 эрдэнийг залж, өөдөө цойлж байгаагаар энэ морийг 2007 онд Дундговь аймгийн захиалгаар Түвдэд урлан авчирсан байдаг.

2007 онд сүндэрлүүлсэн бас нэг хөшөө бол их номч гавж Зава Дамдины хөшөө юм. Түүний мэндэлсний 140 жилийн ойд зориулан боржин чулуугаар 4.5 м өндөр энэхүү хөшөөг урлахдаа их номчийг номын хувцсаа агсан зогсож, хавсран залбирсан хоёр гар дээр нь “Хорчойнжун” буюу “Алтан дэвтэр”- ыг залсан байдлаар дүрсэлжээ. Их номчийн хөшөө нь ямар ч залгаасгүй, том боржин чулуун дээр сийлж урласнаараа онцлог аж.

Аймгийн ЗДТГ- ын үүдэн талбайд 1911 оны үндэсний эрх чөлөөний тэмцэгч Монгол улсын сангийн анхны сайд Түшээт Чин ван Г. Чагдаржавын үйлс  гавьяаг хүндэтгэн дурсаж 2011 онд сүндэрлүүлсэн хөшөө бий. Монгол улс тусгаар тогтноход үнэтэй хувь нэмэр оруулсан тэмцэгчдийн нэг нь Дундговь нутгийнх гэдгийг хойч үед мөнхлөн үлдээхээр энэ хүү хөшөөг “Чагдаржав” сан санаачилсан байна.

2012 онд Мандалговь хотын төвд сүндэрлүүлсэн нэг хөшөө бол 1800- гаад оны эцэс 1900-гаад оны эхэнд ид барилдаж явсан Цэцэнхан аймгийн Боржигон цэцэн вангийн хошууны бөх, 7 хошуу даншигийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн хөшөө юм. Уг хөшөө таван метрийн өндөртэй, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг илэрхийлсэн гурван суурины дөрвөн талд дөрвөн хүчтнийг товойлгон боржин чулуугаар урласан бүтээл болжээ.

Мандалговьд саатсан хэн бүхний зорин очиж гэрэл зурагаа татуулдаг нэгэн хөшөө бол Монгол наадмын түүхэнд улсад хамгийн олон удаа түрүүлсэн алдарт хурдан шарга азарганы хөшөө юм. 2010 онд Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр хурдан шаргад “Амгалан төрийн ажнай хүлэг” цол олгосонтой холбогдуулан  УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн санаачлагаар энэхүү хөшөөг сүндэрлүүлсэн юм.

Хүмүүсийн хүндэтгэн өнгөрдөг хөшөө дурсгал бол Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 19 дэхь Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт агсны хөшөө. Золгүй ослоор мөнх бусыг үзүүлсэн түүний араас нутгийн зон олон тэр аяараа эмгэнэн гашуудаж байсан бөгөөд түүний үйлс алдрыг мөнхөд дуурсгахаар үр хүүхэд, хань, анд нөхөд нь ийнхүү хөшөө дурсгал үлдээсэн байдаг. Жил бүр Ж. Наранцацралт агсны мэндэлсэн өдрөөр ард иргэд түүний хөшөө дурсгал цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлдэг юм.

Нэлээд дээхнэдээ буюу 2002 онд зураач Д.Цэрэннадмидын зурагаар Ардын уран зохиолч С. Буяннэмэхийн хөшөө дурсгалыг аймгийн музейн урд талбайд сүндэрлүүлсэн байдаг. Галын дөлийг билэгдсэн хэлбэртэй чулуунд ардын уран зохиолчийн цээж барималыг шигтгэж өгсөн хийцтэй.  Үүнийг зэсээр хөөлгөж эх загварыг хятадад бүтээсэн гэдэг бөгөөд чулуун дээр мөн бичигтэй самбар суулгаж өгсөн байна.  

Т. Отгонтуяа 

 

 

Related news