Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарынхан зөвлөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-31 11:30:40

Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчид ирэх сарын 17-нд Мандалговь хотод зөвлөлдөхөөр тов гарсан байна. Аялал жуулчлалын Үндэсний хөтөлбөр, энэ салбарт төрөөс баримталж байгаа бодлогыг танилцуулж, Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжлийг илүү тодотгоход зөвлөгөөний зорилго чиглэжээ.

Дундговь аймагт жуулчны 14 бааз үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрт саатан өнжиж, Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газрыг үзэж сонирхохоор 7800 илүү гадаадын жуулчин өнгөрсөн онд ирсэн байна. Энэ нь урьд оныхтой харьцуулахад 48 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа бол харин дотоодын жуулчид 8 хувиар буурчээ. Сүүлийн таван жилд тус аймагт саатах гадаадын жуулчдын тоо тогтмол өссөн бөгөөд Герман, Итал, Франц, Солонгос улсын жуулчид зонхилж байна.

Аялал жуулчлалын салбар бол Дундговь аймгийн хувьд эдийн засгаа өсгөх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэлээ дагалдуулан хөгжүүлэх чухал салбар гэж үзэж, аймгийн Засаг дарга 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө хэд хэдэн ажлыг төлөвлөн тусгасан. Тухайлбал, өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн босгосон Сүм Хөх бүрдийн цогцолборыг бүрэн ашиглаж, Дундговь аймгийн аялал жуулчлалын хөтөч ном, маршрутыг хэвлэх, “Тэмээний баяр”,” Айрагны баяр”, Ардын урлагийн наадам зэрэг уламжлалт зан үйл, нутгийн онцлогийг харуулсан үйл ажиллагааг тогтсон газар, тодорхой цаг хугацаанд зохион байгуулдаг болж, говийн бүсийн аймгуудтай хамтран аялал жуулчлалын нэгдсэн маршруттай болохоор төлөвлөжээ.

Энэ мэт цаашдын зорилго зорилт, аялал жуулчлалын салбарын хөгжил, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд шийдвэрлэх асуудлуудыг  зөвлөгөөний үеэр хэлэлцэн ярилцах  юм.

Т. Отгонтуяа 

Related news