Малчин залуу цэцэрлэгийн хүүхдүүдэд эко суултуур авч өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-02 15:20:11

Саяхан Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн хүүхдүүдэд малчин залуу тоглоом бэлэглэсэн тухай мэдээлж байсан. Тэгвэл бас нэгэн малчин залуу эко суултуур авч өгсөн тухай сайн мэдээг дуулгая.

Тус сум цэцэрлэгийн хоёр барилгатай. Сүүлд баригдаж ашиглалтад орсон нь цэвэр,бохир усны шугам сүлжээтэй, харин хуучин нь шугам сүлжээнд холбогдоогүй тул хүүхдүүд гадаа гарч бие засдаг байна. Энэ нь ялангуяа өвлийн хүйтэнд хүндрэлтэй. Хүүхдүүд даарч хөрөхөөс эхлээд  эрүүл мэндэд нь мэдээж сайнгүй учраас цэцэрлэгийн багш нар эко суултуурыг ашигладаг болоод байжээ. Гэхдээ энэ нь хүүхдүүдэд тийм ч хүрэлцээтэй биш байсныг малчин П. Энхбатынх анзаарч, эко суултуурыг хоёроор нэмэгдүүлж өгсөн байна. Суултуурт ашигладаг тусгай шингэнийг ч бас авч өгчээ.

“Манайх цэцэрлэгийн насны хүүхэдгүй. Гэхдээ урьд нь сумынхаа сургууль, эмнэлэг, ахмадын хороондоо бага гэлтгүй дэм тусыг үзүүлж байсан болохоор энэ удаа цэцэрлэгт хэрэгцээтэй байгаа зүйлээр нь дэм үзүүлье гэж бид ярилцаад эко суултуур нь хүүхдүүдэд илүү хэрэгцээтэй гээд Улаанбаатар орж худалдан авсан” гэж малчин П.Энхбатын эхнэр Б. Булгансүрэн ярилаа.

Тэд дөч эргэм насны залуус. Эрдэнэдалай сумын Цавчир багийн харъяат, сумын сайн малчин өрх юм байна. Туслах малчнаа малжуулж, сумын эмнэлэг, сургууль, ахмадын хороондоо нийт арав гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хэрэгцээтэй үед нь тусласан, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд санаа тавьж явдаг малчдын нэг ажээ.

Энэ өвөл П. Энхбатынх Шинэ ус хэмээх газар өнтэй сайхан өвөлжиж байна. Хүүхдийн эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийсэн түүнд цэцэрлэгийн хамт олон баярлаж талархсанаа илэрхийлжээ.

Т. Отгонтуяа 

 

 

Related news