Иргэд хүн ам, өрхийн мэдээллээ шалгаж баталгаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 21:58:46

Хэнтий аймгийн статистикийн хэлтсээс “Сайн чанартай тоо мэдээлэл сайн сайхан амьдралд” гэсэн ерөнхий уриан дор хоёр дахь удаагаа дэлхий нийтээр тэмдэглэсэн статистикийн өдрийг тохиолдуулан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт аймгийн 17 агентлаг, хэлтсийн 200 гаруй төрийн албан хаагчид, 100 гаруй иргэд оролцов.

Энэ үеэр статистикийн байгууллагын үүрэг зорилго, үйл ажиллагааны чиглэл, үүсэл хөгжлийг олон нийтэд сурталчилж, энэ онд зохион байгуулж байгаа Хүн ам, орон сууцны завсрын тооллогод идэвхтэй хамрагдаж, хүн ам өрхийн мэдээллээ шалгаж баталгаажуулахыг иргэдэд уриалав. Үүний дагуу төрийн байгууллагуудын албан хаагчид, иргэд баг багтаа хандаж Хүн ам, өрхийн мэдээллийн сан дахь мэдээллээ шалгаж баталгаажуулсан аж.

Аймгийн нийгэм эдийн засгийн энэ оны 9-р сарын үзүүлэлт, Хэнтий аймгийн 2014 оны тайлан эмхтгэл, статистикийн товчоон зэрэг статистикийн мэдээ, гарын авлага 500 гаруйг тарааж сурталчлав.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассемблей 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг “Албан ёсны статистикийн ололт амжилтыг тэмдэглэх нь” гэсэн уриан дор Дэлхийн статистикийн өдөр болгон тэмдэглэх тухай тогтоол гаргажээ.

О.Буянхишиг

 

 

Related news