Зарим орон сууцны халаалтыг өгөөгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-03 20:52:34
Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотынхон дулааны эрчим хүчээ авч эхлээд байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар дулаанаар хараахан хангагдаагүй байгаа хэд хэдэн орон сууц байгаа бөгөөд үүний шалтгаан нь хэрэглэгчид дулааны шугамаа сольж амжаагүй, холболтыг буруу хийсэн болон дулааны эрчим хүч ашигласны хураамжаа төлөөгүйтэй холбоотой гэж дулаанаар хангагч байгууллагын зүгээс тайлбарлав.

Мандалговь хотод орон сууцны 1230 айл өрх, 80 аж ахуйн нэгж, 62 төсөвт байгууллага дулааны эрчим хүч ашигладаг бөгөөд дулааны эрчим хүч түгээхээр “Тэвшийн говь”, “Ган- Илч” ХХК болон “Дундговь- Ус” ОНӨҮГ тусгай зөвшөөрөл эзэмшин ажилладаг юм. Дулаанаар хангагч байгууллагууд дулааны шугамдаа засвар хийх, дулааны төлбөр хураамжаа барагдуулах тухай мэдэгдлийг өнгөрөгч тавдугаар сард айл өрхүүдэд өгсөн боловч оршин суугчид үүнд төдийлөн анхаарал хандуулаагүй байна. Энэ нь одоо халаалт дулаанаа цаг хугацаанд нь авч чадахгүй байх бэрхшээлийг учруулжээ.

Дээрх гурван байгууллагын хувьд, халаалтын тогоонуудаа засварлан шинэчилж, өвөлжилтийн бэлтгэлээ дор бүрнээ хангасан. Халаалтын зуухнууд нь бүгд хэвийн ажиллаж эхэлсэн. “Дундговь- Ус” ОНӨҮГ- ын хувьд нүүрсний эхний татан авалтаа хийж, нэг сарын нөөц бэлдсэн гэлээ. Дулааны эрчим хүчний хураамжийн хувьд 2015 онд тогтоосон үнэ хэвээр үйлчилнэ. Тодруулбал, нэг кв.м талбайн халаалтын үнийг айл өрхүүд 500, аж ахуйн нэгж, байгууллагууд 1600 төгрөгөөр төлнө. Харин Таван толгойгоос нүүрсээ зөөдөг “Ган- Илч” ХХК, “Дундговь- Ус” ОНӨҮГ- ын хувьд нүүрсний үнэ нэмэгдсэн нь бэрхшээл учруулж магадгүй гэдгийг хэлж байна.

Дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 60 илүү хувьд дулаан түгээдэг “Ган- Илч” ХХК өнөөдрийн байдлаар 3, “Тэвшийн говь” ХХК мөн 3 орон сууц, “Дундговь Ус” ОНӨҮГ 2 орон сууц, нэг байгууллагад халаалт дулаан хараахан өгөөгүй байна. Хэрэглэгчид дулаан ашигласны төлбөр тооцоогоо барагдуулах нь чухал байгааг дулаанаар хангагч байгууллагууд сануулж байгаа ажээ

Т. Отгонтуяа
Related news