АНУ-д лалын шашинтнуудыг алагчлах нь ихсэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-14 13:41:29

ТЕГЕРАН. /IRNA/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Бернардинод галт зэвсэг ашигласан хэрэг болон Парист болсон террорист халдлагаас улбаалан АНУ-д лалын шашинтнуудад дайсагнасан болон хүчирхийллийн шинжтэй хэргүүд урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдсэн гэж өмгөөлөгчид хэлж байна.

Калифорни муж улсын Риверсайд дүүрэгт оршдог нэгэн лалын сүмд зориудаар гал тавьсан хэргийг бямба гарагт АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчоо мөрдөн шалгасан юм. Мөн цүнхэнд нь тэсрэх бөмбөг байгаа эсэхийг гивлүүр өмссөн, 13 настай охиноос Жоржиа муж улсын нэгэн дунд сургуулийн багш асуусан байна.
Охиныг нь ялгаварласан гэж охины аав Абдиризак Аден хэлсэн юм. “Бид лалын шашинтай, бид АНУ-д амьдардаг, хүнийг үзэн ядахыг би хүүхдэдээ сургаагүй” гэж тэрбээр хэлэв.
“Лалын шашинтнуудыг эсэргүүцсэн, үзэл ядалтын шинжтэй гэмт хэрэг болон нийгэм дэх хийрхэл урьд өмнө нь үзэгдээгүй ихээр нэмэгдэж байна” гэж АНУ-Лалын харилцааны зөвлөлийн үндэсний харилцаа холбооны албаны дарга Ибрагим Хупер хэлсэн байна.
“Айлган сүрдүүлэх зорилготой юм. Парисын халдлагаар эхэлж, Сан-Бернардиногоор үргэлжилсэн бөгөөд АНУ-ын лалын шашинтнуудад уураа гаргах зөвшөөрлийг арьсны  өнгөөр ялгаварлагчдад Дональд Трамп бараг өгснөөр хэрэг даамжирч байна” гэж тэрбээр хэлэв.
АНУ-д ялгаварлан гадуурхах, алагчлахыг төгсгөл болгож, эвлэлдэн нэгдэхийг тус улсын Ерөнхийлөгч Барак Обама долоо хоног тутмын мэдэгдэлдээ уриалсан юм.

Х.Аминаа

 

関連ニュース