Путин Сириэс цэргээ гаргахаар шийдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /TASS/. Цэргийн бүлгийнхээ үндсэн хэсгийг гуравдугаар сарын 15-наас Сири улсаас гаргаж эхлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд үүрэг болголоо. Үүний сацуу Путин Сирийн хямралыг тайван замаар зохицуулах үйл явцыг зохион байгуулахад Оросын оролцоог идэвхжүүлэхийг Гадаад хэргийн сайд Сергей Лавровт үүрэг болгосон байна.
Оросын цэргүүд зарчмын даалгавраа биелүүлсэн тул цэргээ гаргах шийдвэр гаргах боломжтой болсныг Путин Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай утсаар ярихдаа цохон тэмдэглэжээ. Уг шийдвэрийг гаргахдаа Москвагийн эрх баригчид Дамасктай зөвшилцсөн байна.
Путины энэ шийдвэр нь Вашингтон болон Европын эрх баригчдын хувьд гэнэтийн шийдвэр болсон байна. Тэд Оросын Ерөнхийлөгчийн шийдвэр нь Сирийн мөргөлдөөнийг зохицуулах үйл явцад хэрхэн нөлөөлж болох талаар одоогоор үнэлэлт дүгнэлт өгөхөөс түдгэлзэж байна.
2015 оны есдүгээр сарын 30-наас эхлэн явуулсан ажиллагааны явцад Оросын нисэх хүчин 9000 гаруй удаа нислэг үйлдэж, мөн бүтэн хагас мянга гаруй км-ын тусгалтай, өндөр нарийвчлалтай зэвсгүүдээр цохилт өгчээ. Оросын нисэх хүчин террористуудын нефть олборлолтын 209 объектыг, мөн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэхэд ашиглаж байсан 2000 гаруй тээврийн хэрэгслийг устгасан байна. Түүнчлэн Сирийн цэргүүд Оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр хүн амын 400 суурин болон 10 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг чөлөөлжээ.
Путины шийдвэрийг Швейцарийн Женев хотод хэлэлцээнд оролцож буй Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид талархан хүлээн авч, энэ шийдвэр нь Сирийн талууд хоорондын яриа хэлцээнд эерэг нааштай түлхэц өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Вашингтон болон Европын орнуудын эрх баригчид дээрх шийдвэрт одоогоор тайлбар өгөөгүй байна. Оросын Ерөнхийлөгчийн шийдвэр нь тэдний хувьд гэнэтийн шийдвэр болсон юм.
Д.Жаргал