Москвад болох Аюулгүй байдлын бага хуралд 83 орон оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /Sputnik/. Дэлхийн 83 улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын албан хаагчид оролцох аюулгүй байдлын томоохон хэмжээний бага хурлыг дөрөвдүгээр сарын 27-28-нд Москва хотноо зохион байгуулна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Олон улсын хэд хэдэн байгууллага, тухайлбал, НҮБ, Олон улсын улаан загалмайн хороо, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын тэргүүн нар, өндөр албан тушаалтнууд уг бага хуралд оролцоно гэж мэдэгдэлд дурджээ.
Бага хурлын гол сэдэв терроризмтой тэмцэх асуудал байх бөгөөд Ойрхи Дорнод, Төв Ази, Ази-Номхон далайн бүс нутгийн асуудлыг мөн хэлэлцэнэ.
Олон улсын аюулгүй байдлын тухай Москвагийн бага хурлыг ОХУ-ын Батлан хамгаалахын ивээл дор 2012 оноос хойш жил бүр зохион байгуулж байна.
Д.Нямтулга