Обама: “Лалын улс”-ыг устгах нь эн тэргүүний зорилт

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-24 11:35:02

БУЭНОС-АЙРЕС. /Anadolu/. Миний “эн тэргүүний зорилт” бол “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх юм гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Бельгид халдлага болсны дараа мэдэгдэв.

“Шийдэх ёстой асуудал надад олон байна. Гэвч “Лалын улс” бүлэглэлийг дарж, дэлхий даяар тархаад байгаа балмад терроризмын голомтыг устгах нь миний эн тэргүүний зорилт юм. Террористуудыг устгахаас өөр чухал асуудал байхгүй. Үүнийг ухаалгаар хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал байна” гэж Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макритай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Обама мэдэгджээ.

“Ухаангүй, харгис” энэ үйлдлийн эсрэг нэгдэхийг дэлхий нийтэд тэрбээр уриалаад, террорист бүлэглэлтэй тэмцэх арга алхам нь аажмаар ахиж дэвшиж байгааг дурджээ.

АНУ-ын ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөгчид “Лалын улс” бүлэглэлийг агаарын цохилтоор ор мөргүй устгах санал дэвшүүлжээ. Үүнтэй холбогдуулан Обама, энэ арга сөрөг үр дагавартай бөгөөд үүнийг “Лалын улс” бүлэглэл гишүүн нэмж элсүүлэх механизм болгон ашиглаж магадгүй гэж мэдэгджээ.

Обама болон түүний гэр бүл лхагва гарагийн өглөө Аргентинд буусан байна.

Д.Нямтулга

 

関連ニュース