Сөүлд цохилт өгөхөд бэлэн байхыг армидаа уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун их бууны сургуулилтыг үзэж шалгах үеэрээ довтлох тушаал өгмөгц Сөүлийн засгийн газрын байгууллагуудад цохилт өгөхөд бэлэн байхыг цэргүүддээ уриалсан тухай Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /KCNA/ баасан гарагт мэдээлснийг Ёнхап агентлаг уламжилсан байна.
Умард Солонгос Өмнөд Солонгосын төрийн байгууллагуудыг “өршөөлгүйгээр устган”, улс орноо нэгтгэх ёстой гэж Ким Жөн Ун мэдэгджээ. Тэрбээр мөн армийн цэргүүд маш сонор сэрэмжтэй бөгөөд ёс суртахуун, сэтгэлзүйн хувьд бэлэн байх ёстойг цохон тэмдэглэсэн байна.
KCNA агентлаг урьд нь Умард Солонгосын Солонгос хоорондын хэрэг хариуцсан хорооны мэдэгдлийг нийтэлжээ. Уг мэдэгдэлд Сөүл дэх Ерөнхийлөгчийн ордныг галдан шатааж, үнсэн товрого болгоно гэж сүрдүүлж, мөн АНУ болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн эсрэг хариу дайн эхлүүлэхэд бэлэн байгааг мэдээлсэн байна.
Умард Солонгос даваа гарагт Япон тэнгис рүү таван пуужин харвасан билээ. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногт Пхеньян пуужингийнхаа хүчин чадлыг харуулсан гурав дахь туршилт болсон. Тус улс Солонгосын хойгт Америк-Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургууль хийсний хариуд пуужингуудынхаа хүчин чадлыг ийн харуулсан юм. Хоёр орны цэргийн хамтарсан сургуулилтаар дайн болсон тохиолдолд Умард Солонгосын удирдлагыг болон тус улсын цөмийн болон пуужингийн зэвсгийг устгах төлөвлөгөө боловсруулж байгаа юм.
Д.Жаргал