Нажиб Разакийг огцрохыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-28 10:25:06

КУАЛА-ЛУМПУР. /NHK/. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийг суудлаасаа огцрохыг тус улсын удирдагч асан Махатхир Мохамад уриалсан байна. Өчигдөр Куала-Лумпур хотын ойролцоо болсон жагсаалын үеэр тэрбээр мэдэгдэл хийжээ.

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак мөнгө, санхүүгийн асуудалд холбогдсоны учир иргэд жагссан байна. Гурван жилийн өмнө Малайзын бүх нийтийн сонгууль болохын өмнөхөн Нажиб 680 сая гаруй доллар авчээ. Үүнтэй холбоотойгоор түүнд үүсгэсэн хэргийг Малайзын Ерөнхий прокурор хааж, энэ нь Саудын Арабын хааны гэр бүлээс хувийн журмаар хандивласан мөнгө гэж мэдэгдсэн байна.

Харин Малайзын 1500 орчим жагсагчид, тэр дундаа, сөрөг хүчний удирдагчдад хандан Ерөнхий сайд асан Махатхир Мохамад үг хэлэхдээ, Нажибыг буруушаажээ. Тэрбээр, Нажиб нэр хүндээ өсгөхийн тулд авлига авдаг гэж мэдэгджээ.

Нажибыг суудлаасаа огцрохыг уриалсан өргөдөлд гарын үсэг цуглуулах кампанит ажлыг орон даяар өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

関連ニュース