С.Лавров Монголын удирдлагуудтай хоёр талын болон олон улсын асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-04-13 11:46:54

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дөрөвдүгээр сарын 14-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна гэж тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдээллээ.

Сайд С.Лавров Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийх үеэрээ “хоёр орны удирдагчдын өмнө нь хэлэлцэн тохиролцсон гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд Орос-Монголын харилцааны цаашдын төлөв байдлыг хэлэлцэнэ”. Гадаад хэргийн сайд нар мөн бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлууд, янз бүрийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэнэ.

Сайд С.Лавров Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нартай уулзаж, нийгэм-улс төр, шинжлэх ухааны төлөөлөгчдөд хандаж үг хэлэхээр төлөвлөжээ.

Хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах, мөн хоёр орны төрийн тэргүүн нарын 2014 оны есдүгээр сард хэлэлцэн тохиролцсоныг хэрэгжүүлэхэд бэлтгэх ажлыг хэлэлцэх нь айлчлалын гол үйл явдал болно гэж Оросын ГХЯ-ны мэдээлэлд онцлон дурдсан байна. “Уг баримт бичиг нь цогц шинжтэй бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцаанд сүүлийн жилүүдэд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, улс төр, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн салбар болон олон улсын тавцанд цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн” гэж уг мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.

Монголыг чиглэсэн бодлого бол ОХУ-ын гадаад бодлогын эн тэргүүний чиглэлүүдийн нэг юм гэдгийг ГХЯ-ны тайлбарт дурдсан байна.

“Хоёр орон уламжлалт сайн хөршийн харилцаатай бөгөөд энэ нь олон талт шинж чанартай билээ. Тус хоёр орны харилцаа нь олон жилийн түүхтэй хамтын ажиллагаа, эдийн засаг болон хүмүүнлэгийн салбарын нягт хэлхээ холбоонд тулгуурладаг бөгөөд хоёр улс олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар ойролцоо ижил төстэй байр суурьтай байдаг” гэж тус яам онцолжээ.

Хоёр орны улс төрийн яриа хэлцээ, парламент, аюулгүй байдлын зөвлөл, гадаад бодлогын байгууллагууд болон бүс нутгийн эрх баригчид хоорондын харилцаа холбоо эрчимжсэнд Москвагийн эрх баригчид сэтгэл хангалуун байгаа бөгөөд уг харилцааг холбоог цаашид өргөжүүлэхээр төлөвлөж байна. “2014 онд Орос, Монголын иргэд харилцан визгүй зорчих журмыг нэвтрүүлсэн нь  хоёр орны солилцоог хил орчмын болон бүс нутгийн түвшинд эрс идэвхжүүлэхэд нөлөөллөө” гэж ОХУ-ын ГХЯ онцлон дурдсан байна.

Оросын эрх баригчид худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Талууд эрчим хүч, тээвэр зэрэг бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа юм. “Монголд нийлүүлэх тээвэр болон эрчим хүчний салбарын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, Монголын нутаг дэвсгэрт дэд бүтцийн болон уул уурхайн олборлох салбарын төслүүдэд Оросын компаниудын оролцоог нэмэгдүүлэх таатай боломж бий” гэж ГХЯ онцлон тэмдэглэлээ.

ОХУ олон улсын интеграцийн үйл явц юуны өмнө Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны /ЕАЭЗХ/ хамтын ажиллагааны хүрээнд худалдааг чөлөөлөх асуудалд гол анхаарлаа хандуулж байна. “Евразийн эдийн засгийн комисс болон  Монгол Улсын Засгийн газар хооронд  2015 оны зургадугаар сарын 17-нд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан нь ЕАЭЗХ-ны зах зээлд Монголын бүтээгдэхүүнийг гаргах явдлыг хөнгөвчлөх эхний алхам болсныг” Оросын ГХЯ дурдлаа.

Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд 2014 оны есдүгээр сарын 11-нд Душанбед хийсэн Орос-Монгол-Хятадын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр эхлүүлсэн гурван орны хамтын ажиллагааны механизм” гол үүргийг гүйцэтгэж байна. Владимир Путин, Ц.Элбэгдорж, Си Зинпин нарын 2015 оны долдугаар сарын 9-нд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурж баталсан Орос, Хятад болон Монголын дунд хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх Замын зураг болон бусад баримт бичгийн заалтуудыг бодитоор хэрэгжүүлэх нь гурван улсын хамтын ажиллагаанд шинэ үе шатыг эхлүүлэх зорилготой” гэж мэдээлэлд дурдсан байна.

Орос-Хятад-Монголын эдийн засгийн зурвас байгуулах хөтөлбөрийг зөвшилцөхөөр 2015 оны 12 дугаар сард тусгай ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэ баримт бичгийг батлах асуудлыг энэ оны зургадугаар сард Ташкент хотод болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын үеэр уламжлал ёсоор хийхээр төлөвлөж байгаа гурван орны өндөр дээд түвшний гурав дахь уулзалтын үеэр хэлэлцэх боломжтой гэж бид үзэж байна" гэж ОХУ-ын ГХЯ-ны мэдээлэлд дурджээ.

Д.Жаргал

.

 

関連ニュース